Сэтгэл гутралд орсон үгүйгээ хэрхэн мэдэх вэ


depressed.png

Сэтгэл гутрал гэх сэдвийг сонсоогүй хүн бараг үгүй бизээ. Тэгвэл сэтгэл гутрал гэгч яг юу вэ? Сэтгэл гутрал гэдэг нь маш нийтлэг тохиолддог бөгөөд сэтгэл мэдрэлийн маш хурцадмал тогтворгүй байдлыг хэлдэг. Тэгвэл уйтгар гуниг гашуудал, сэтгэл санаа тавгүйрхэх, ганцаардах, буруу зуршилд автах нь хүний бие махбод болон сэтгэл зүйд далд өвчлөлийг бий болгодог ба ингэснээрээ сэтгэлээр унаж улмаар хэн нэгэнтэй харилцах харилцаа муудаж үүнийгээ дагаад ажлын бүтээмж ч буурдаг болохыг сэтгэл судлаачид тогтоосон байна. Бид танд өөрийгөө болон ойр дотнын хэн нэгнээ сэтгэл гутралд орсон үгүйг хэрхэн мэдэж болох талаар дараах бяцхан зөвлөмжүүдийг хүргэж байна. Хэрэв танд болон таны ойр дотнын хэн нэгэнд энэхүү шинж тэмдэгүүд илэрдэг бол сэтгэл санаа, амьдралын хэв маягтаа анхаарал тавих цаг болсон төдийгүй мэргэжлийн сэтгэл судлаачид хандахыг зөвлөж байна.

  • Ганцаараа байхыг илүүд үзэх: Зовлон бэрхшээлтэй цаг үедээ бусдыг туслаасай,хайрлаасай гэж хүсдэг төрөлхийн мэдрэмж хүн бүрд байдаг. Харин удаан хугацааны турш хямарсан сэтгэл гутралд орсон хүмүүс нэгэнт бусдаас тусламж гуйлаа гээд онц өөрчлөлт гарахгүй гэдэгт бат итгэж ганцаараа шаналсаар байдаг. Тэд бусдаас тусламж гуйхаасаа санаа зовохгүй ч эцсийн мөчид ганцаараа шаналах нь илүү дээр гэсэн сонголтыг хийдэг.
  • Үхлийн талаар үргэлж эргэцүүлдэг: Бид удаан хугацаанд сөрөг мэдрэмжид автах үед бидний бие махбод хямарч толгой өвдөх, гэдэс базлах, сэтгэл санаа тавгүйтэх зэрэг хариу үйлдэл үзүүлдэг. Харин сэтгэл гутралын хүнд хэлбэрт орсон хүмүүс үхлийн талаар үргэлж боддог ба Үхэх аль эсвэл Амьдрахад ер нь ялгаа байна уу? гэж боддог ч яг үнэндээ амьдрахыг хүсэж буйгаа мэдэрсээр л байдаг. Тиймээс тэд амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүссэн ч хэрхэн яаж гэдгээ мэддэггүй.
  • Хооллох хэв маяг алдагдах: Сэтгэл гутралын хүнд хэлбэрт орсон хүмүүсийн хооллох зуршил өөрчлөгддөг байна. Тэдний ходоод өвдөх, гэдэс базлах мэдрэмж үргэлж төрнө энэ нь сэтгэл санааны тогтворгүй байдалтай шууд холбоотойгоос гадна хоолны зуршил өөрчлөгдсөнтэй мөн холбоотой. Зарим хүмүүсийн хувьд хоолны дуршил буурч, турж, эрч хүчгүй болж, толгой эргэх, халуурах шинж тэмдэг илэрдэг бол зарим хүмүүст эсрэгээрээ хэт их хооллох, хоолны дуршил нь огцом өөрчлөгдөх, цадах мэдрэмжгүй болох шинж тэмдэг илэрдэг байна.
  • Аз жаргалтай мэт дүр эсгэдэг: Сэтгэл гутралд орсон хүмүүс бусдад яаж харагдах яаж мэдрэгдэхээ сайн мэддэг. Тэд сэтгэлдээ мэдэрч буй бүхнээ таарсан хүмүүстэйгээ хуваалцах боломжгүй гэдгээ мэддэг тул бүх зүйл хэвийн мэт аашилдаг. Харин дотоод сэтгэлдээ улам их ганцаардан гутарч байдаг. Учир нь тэд хэн ч намайг байгаагаар нь хайрлахыг хүсэхгүй гэсэн бодолдоо бат итгэсэн байдаг.
  • Бусдыг гомдоох дургүй: Өөрөө ганцаардах тусам бусдад ч бас ийм мэдрэмж төрүүлэхээс тэд айдаг. Тиймээс аливаа маргаан, мэтгэлцээнд өөрийгөө буруутгаж тэдний алдаа биш байсан ч алдааг өөртөө үүрдэг ба бүх зүйлд өөрийгөө буруутгаж, алдааг зөвхөн өөрөөсөө л эрж хайдаг.

1990 2021-04-15
Нийтэлсэн: AnonymousUser