Сонирхолын зөрчил ба Илчлэл
1. Сонирхолын зөрчил
Сонирхолын зөрчил нь байгууллагын ямар төрөл хэлбэртэйгээс үл хамааран бие хүний хэрэгцээ шаардлагаас хамааран үүсдэг үзэгдэл юм. Огт сонирхолын зөрчилгүй хүн гэж нэгээхэн ч үгүй бөгөөд гагцхүү бие хүн өөрийн хэрэгцээ шаардлагаа байгууллагын бодлогод нийцүүлж хангаж чадаж байгаа эсэхээр үнэлэгддэг өвөрмөц бөгөөд эмзэг харилцаа гэдгийг ажил олгогчийн зүгээс ойлгох нь нэн чухал.
Чухам ямар зан үйлийг сонирхолын зөрчилд оруулан тооцох тухайд нэг бүрчлэн нэрлэж заасан журмаар зохицуулсан тохиолдолд л зөрчил гаргасан тухай фактыг үнэлэх эрх нээгдэнэ. Илтэд сонирхолын зөрчил гаргасан ажилтанд хариуцлага тооцох тухай захирамжлалын баримт үйлдэхдээ урьдчилан баталж танилцуулсан журамд үндэслэх хууль зүйн шаардлагатай. Хэрэв баталсан журам заавар үгүй бол хариуцлага тооцох боломжгүй байх нь эрх зүйн хувьд шударга ёсны зарчмаар хамгаалагддаг.
“Сонирхолын зөрчилд тооцох, илрүүлэх, хариуцлага тооцох тухай журам”/цаашид Журам гэх/-ыг төлөвлөхдөө
• Ажилтны заяагдмал болон хууль ёсоор олгогдсон эрх, эрх ашиг, мэргэжлийн онцлогийг хөндөхгүй,..
• Ажил олгогч байгууллагын үндсэн үйл ажиллагаа, чиглэл, ажиллагсдын нийтлэг эрх ашигийг дордуулахгүй
Диспозитив буюу хэлэлцэн тохиролцож “Ялалт-Ялалт” байхуйц арга замыг хайж эвлэрэн зохицож нэгдсэн ойлголтод хүрэх улмаар дахин зөрчил үйлдэхгүй байх зан үйлийг дадал болгоход чиглэсэн бодлогын баримт бүтээхэд голлон анхаарна.
Энэхүү Журам нь ажилтныг
- Соён гэгээрүүлэх,
- Урьдчилан сэргийлэх,
- Засан хүмүүжүүлэх эрх зүйн зарчмыг түлхүү барьж зөв дадлыг бүтээх хандлагыг голлох ёстой болохоос бус
- Айлган сүрдүүлэх,
-Гэсгээн цээрлүүлэх чиг үүрэг огт байх ёсгүйг хатуу анхаарна уу!!!
Сонирхолын зөрчил үүсэх хэлбэрээр шууд сонирхолын зөрчил, дам сонирхолын зөрчил гэж ангилж болно.
Байгууллагаас тогтоосон журам, үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг зөрчиж үйлдэх эсхүл дүрэм журам тушаал заавраар үүрэг болгосон хэм хэмжээг хэрэгсэхггүй эс үйлдлээр зөрчил үүсгэхийг шууд сонирхолын зөрчил үүсгэсэн гэж үзэх бөгөөд хариуцлага тооцох арга нь засан хүмүүжүүлэх шинжийг түлхүү барих нь оновчтой.
Харин удирдах ажилтны болон өрсөлдөгч байгууллагын ажилтны хамаарал бүхий этгээдтэй төрөл садны холбоо шинээр үүсэх, ажлын байран дээр хайр сэтгэлийн харилцаанд үндэслэсэн гэр бүлийн харилцаа үүсэх гэх мэт урьдчилан төсөөлөх боломжгүй гадаад хүчин зүйл, хууль зүйн шинэчлэлээс үүсч болох Сонирхолын зөрчлийг дам сонирхолын зөрчил гэж үзэж хэлэлцэн шийдвэрлэх аргыг баримтлах нь зүйтэй.
Олон улсын Бизнесийн байгууллагад нийтлэг тооцож байгаа сонирхолын зөрчлийг жишээ болгон дурьдвал дараах зөрчлүүд нэрлэгдэнэ...
• Байгууллагын хэн нэгэн ажилтантай хувийн харилцаа үүсгэсэн
• Байгууллагын шууд болон шууд бус өрсөлдөгч байгууллагатай ажил хэргийн холбоо харилцаа үүсгэсэн
• Өрсөлдөгч байгууллагын хувьцааг худалдан авсан, өмчлөгч, хамаарал бүхий этгээд болсон
• Байгууллагын ажил хэргийн нэр хүнд, албан тушаалын байдлаа хувийн хэрэгцээ шаардлагыг хангахад ашигласан
• Байгууллагын тоног төхөөрөмж, машин техник, эд хөрөнгийг хувийн хэрэгцээнд ашиглах гэсэн зөрчлүүд хамаарч байна.
2. Илчлэл
Нийгмийн харилцааны түүхэн хөгжил дунд илчлэлийн харилцаа түүхэн замналаар сайжирч хөгжсөөр өнөөдөр олон улсад дотоод болон гадаад хяналтын чиг үүргээр сонгодог хэлбэртээ хүрсэн байна.
Харин манай орны хувьд нэг талаас мэдээлэл гаргагчийн ойлголт хэтэрхий нялх бөгөөд туршлагагүй байгаа нөгөө талаас мэдээлэл хүлээн авагчийн мэдлэг, асуудал боловсруулах, шийдвэр гаргах чадамжаас хамаарч “Матаас” эсхүл “Популизм”-аас огт ялгаж салгаж чадахгүй байгаа нь харамсалтай.
Олон улсад Whistleblower (disambiguation) гэж нэрлэж байгааг махчилан орчуулж “Шүгэл үлээгч” эсхүл “Шүгэлдэгч” гэснийг монгол хэлэнд дүйц буулгахдаа шилжсэн ёгт утгаас зайлуулж Илчлэл хэмээн орчуулж байна.
Илчлэлийн
• объект нь хууль, дүрэм, журмаар хамгаалагдсан хувь хүн, хуулийн этгээд, олон нийтийн эрх, эрх ашиг
• объектив тал нь хувь хүн, хуулийн этгээд, олон нийтийн эрх, эрх ашиг зөрчигдсөн үйлдэл эс үйлдэхүй,
• субьект нь объектод халдсан хувь хүн хуулийн этгээд, бүртгэлгүй хуулийн этгээд
• субьектив тал нь гэм буруутай этгээдээс өөрийн үйлдсэн нийтийн эрх ашгийг хохироохдоо гаргасан сэтгэхүйн харилцаа тухайн субьектийн сэтгэл зүй буюу дотоод хүслийг нь илтгэнэ
Ийнхүү хууль зүйн талаас дөрвөн талыг тодорхойлсон нь Илчлэл хийх зайлшгүй шаардлага нөхцөл нь дээрхи 4 тал БОДИТОЙ байх нь үндсэн шаардлага гэдгийг анхаарч үзнэ үү.
Зөрчлөөс учирсан гэм хор, хохирлын хэмжээнээс хамаарч Эрүүгийн хэрэг үү? Зөрчлийн тухай хуулиар зохицуулах уу? Дотоод дүрэм журмаар шийдэх үү? гэдгийг үнэлж үзэх нь чухал юм. Харин дээр дурьдсан 4 талын аль нэг нь байхгүй бол ИЛЧЛЭЛ-ийн шаардлагыг хангахгүй хов жив, матаас төдий зүйл болохыг анхаарч үзэх шаардлагатай.
Илчлэлиийн нөхцөл үүссэн эсэхийг учирсан хохирлоор үнэлэх нь хэт өрөөсгөл бөгөөд заавал хохирол үүссэн байхыг шаардах нь эрсдэлтэй тул ирээдүйд үүсч болох эсхүл учирсан хохирол нь ихсэхээс урьдчилан сэргийлэх зорилготой мэдээ, мэдээллийг ялгалгүй анхааран үзэж шийдвэрлэх нь зохимжтой.
Олон улсын жишгээр Илчлэлийг хууль, дүрэм, журам болон ёс зүйг зөрчсөн үйлдэл, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах, авилгын тухайд болон захиргааны илт буруутай шийдвэрт холбогдуулан гаргадаг бөгөөд зохицуулах байдлаар нь ХУВИЙН САЛБАР болон НИЙГМИЙН САЛБАР-ын гэж ангилж байна.
Илчлэлийг гаргаж байгаа субьектээр нь ДОТООД, ГАДААД, ГУРАВДАГЧ ЭТГЭЭД-ийн гэж ангилна.
Бизнесийн байгууллагын хувьд:
Дотоод илчлэл:
Байгууллагад ажилладаг этгээдээс байгууллагын дүрэм журам зөрчигдсөн тухай, байгуулагад олон нийтээр тогтсон буруу зуршил зан үйл, одоогийн нөхцөл байдал улам дордож хохирол учирч болзошгүй талаар мэдээлж урьдчилан сэргийлэх хамт олныг сэхээрүүлэх зорилготой байна
Гадаад илчлэл:
Ажлаас гарсан хүн, хэрэглэгч харилцагчийн зүгээс байгууллагын үйл ажиллагаа, гаргасан шийдвэр, үйлчилгээний талаар санал гомдол ирүүлэх механизм буюу санал гомдол хүлээн авах HOTLINE- сувгаар ирж байгаа мэдээллийг энэ төрөлд хамааруулна.
2016 оны 10 дугаар сарын 15 ны өдөр Олон улсын стандартын байгууллагаас гаргасан ISO37001 “Хуулийн этгээдийн хээл хахууль, авлигын эсрэг менежментийн стандарт”-д ГАДААД ИЛЧЛЭЛ-ийг албажуулсан байна. Уг стандартыг “Олон улсын худалдаа аж, үйлдвэрийн танхим”, “Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллага”, “Олон улсын ил тод байдлын байгууллага” тус тус сайшаасан нь гадаад илчлэлийн механизм нэн чухал болохыг баттай илтгэнэ.
Гуравдагч этгээдийн илчлэл:
Компанийн захиргааны зүгээс хөндлөнгийн үнэлгээ шинжилгээний байгууллагад захиалж хийлгэсэн хяналт шалгалтын дүн, төлбөргүй утсаар бичлэг хийхгүйгээр авсан мэдээлэл, вэб сайт эсхүл нийгмийн сүлжээгээр авсан санал асуулгаар ирсэн мэдээллийг энэ төрөлд хамруулах бөгөөд манай ихэнх байгууллагууд маркетингийн арга хэрэгсэл болгон ашигласан мэдээллээ засаглал, менежментийн судалгаандаа ашиглахгүй байгааг анхааран үзүүштэй.
Илчлэлийг хүлээн авч байгаа хамт олны хариу үйлдлийг дараах хүчин зүйлүүдээр үнэлдэг
1. Нийгмийн олонхын үзэл: Нийтээр хүлээн зөвшөөрсөн соёл, олон нийтийн итгэл үнэмшил нь Илчлэл дэмжигдэх эс бол няцаагдах маш том суурь хүчин зүйл болдог. Монголын нийгэмд энгийн зүйл зарим улсын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл байж болно. Энэ агуулгаар харвал Илчлэл нь тухайн нийгэм, хамт олны нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан заншлын хэм хэмжээгээр хамгаалагддаг болох нь нотлогдож байна.
2. Сэтгэл зүйн хүчин зүйл: Байгууллага болон нийгмийн сэтгэл зүй нь зөрчилд дассан буюу дөжирсөн эсхүл зөрчилд мэдрэг байдал хэр зэрэг байгаагаар Илчлэлийн өгөөж их хамаарна. Угаасаа ийм л байсан цаашдаа ч ийм л байна, хэлээд нэмэргүй гэх үзлийг халж хувь, хүн бүлгийн эрх ашгаас илүүтэйгээр байгууллагын эрх ашгийг дээдэлдэг байх сэтгэл зүй, итгэл үнэмшилийн суурийг тэлж бугшсан идээ хатигийг шахаж илааршихад дөхөм болгох нь нэн чухал
3. Ёс зүйн хүчин зүйл: Байгууллагын соёл, эсэн оршихуйн үндэс нь ЁС ЗҮЙ-д суурилсан манлайллаас шууд хамаардаг. Компанийн үнэт зүйл, эрхэмсэг оршихуйн дархлаажил нь ажилтны болон байгууллагын ёс зүйн төлөвшилд суурилдаг юм. Учруулах хохирол нь хэлбэрийн төдий, хувь хүний зан байдлаар илрэн гардаг зөрчил нь даамжирсаар хамт олны уур амьсгал бүтээмжийг бусниулах үндэс болдогийг анхааран үзүүштэй.
4. Мотиваци буюу сэдэлжилтийн хүчин зүйл: Байгууллага хамт олон асуудлыг биш шийдлийг харж, алдаа дутагдал бус гарц дэвшилийг чиглүүлдэг илчлэгч нартаа эерэг хандах нь хөгжлийн суурь болдог.
Гарц шийдлийг гаргаж зардал хохирол бууруулсан, эрсдлээс урьдчилан сэргийлсэн дүнгээс зохих хувиар дотоод илчлэгчийг урамшуулдаг байх.
Байгууллага олж хараагүй эсхүл анзаараагүй байсан нэн эрсдэлтэй зөрчил дутагдлыг илчилсэн гадаад илчлэгчийг байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээгээр шагнадаг байх.
Хөндлөнгийн байгууллагын санал дүгнэлтээр сайжруулсан ажил үйлчилгээндээ санал гаргагч гуравдагч этгээдийн илчлэгчийг санаачлагчийн адилаар нэрийг нь дурьддаг байх зэргээр урамшууллын хөшүүрэг тухай бүр хэрэглэх нь нэн чухал.
Эцэст нь дүгнэхэд ИЛЧЛЭЛ гаргагчид нь тухайн зөрчил дутагдалыг арилгаж чадаснаараа хамгийн ихээр сэтгэл ханамж авдаг тул тухай бүр асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа хариу мэдээлдэг байх нь шилдэг шийдэл гэдгийг цохон тэмдэглье
3. Бизнес дэх илчлэл
Бизнесийн байгууллагын үйл ажиллагаа хэвийн бөгөөд зөв байх нөхцөл тогтолцоог компанийн засаглал хэмээн энгийнээр нэрлэдэг.
Бизнесийн үйл хэрэг бүхэлдээ хүнээс хамаарсан харилцаа байдаг тул оролцогч субьект бүрийн сэтгэл зүй, нийгмийн хэрэгцээ шаардлага ба чадвар чадамж, гүйцэтгэл бүтээмжид нь тохирох цалин хөлс, шагнал урамшууллыг олгох замаар хэрэгжүүлдэг.
Хувь хүнд үүсч болох сонирхолын зөрчлийг ШУУД САНААТАЙ ЗӨРЧИЛ ба ДАМ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ гэж ангилж болох тухай Сонирхолын зөрчлийн тухай нийтлэлд нэгэнт бичсэн тул дахин нурших шаардлагагүй гэж үзлээ.
3.1. Шууд санаатай зөрчил үүсэх ба илчлэх тухай
Байгууллагаас баталж мөрдүүлсэн дүрэм журам стандартыг мэдсэн эсхүл мэдэх боломжтой байсан атлаа мэдээгүй байсан гэж тайлбарлаж, зөрчил үйлдэсний улмаас компанийн эрх ашигт хохирол учруулсан нь энэ төрөлд хамаарна.
Энэхүү зөрчил нь ихэвчлэн шунахайн сэдэлттэй, өөртөө ашигтай байдлаар үйлдэгдсэн байдаг боловч цөөхөн тохиолдолд гуравдагч этгээдэд таатай байдал үүсгэх, гэр бүл төрөл төрөгсөд найз нөхөд эсхүл хамаарал бүхий бизнесийн хамтрагчдаа дэмжлэг олгох зорилгоор үйлдэгддэг. Хэнд таатай нөхцөл үүсгэсэн байх нь энэ зөрчилийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал биш...
Сонирхолын зөрчлийг илчилсэн субьект хэн байгаагаар нь ӨӨРИЙГӨӨ ИЛЧЛЭХ болон БУСДЫГ ИЛЧЛЭХ гэж ангилж үзэх нь оновчтой.
Компанийн засаглалын үндсэн тулгуур зохицуулалт нь бичмэл "Дүрэм, журам, заавар, стандарт”-д тулгуурлан төлөвлөх, зохицуулах, хариуцлага тооцох гэх мэт бүхий л шийдвэр гаргалтыг үндэслэдэг байх юм.
Өөрийгөө илчилсэн байдал нь учирч болох гэм хохирлоос урьдчидан сэргийлэх, гэм буруугаа гэмшсэний улмаас үйлдсэн бол хариуцлагаас шууд чөлөөлөх нь оновчтой.
Бусдын дарамт, гэр бүлийн хүчирхийлэл, барьцаалагдасны улмаас хийсэн үйлдэл нь Сонирхолын зөрчил үүссэн тухай мэдээлэл ирвэл тухайн тохиолдолд илчлэл гаргагч нь хохирогч байх магадлалтай байх тул Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж ажилтнаа хамгаалах бодлогын шийдлийг гаргадаг байх нь бүх ажилтны тогтвор суурьшил байгууллагадаа итгэх итгэл өндөрсөнө.
Хэдийгээр сонирхолын зөрчил үүсгэх нь байгууллагад сөрөг үзэгдэл боловч өөрийгөө илчилсэн зан үйл нь өөр зөрчил гэмт хэргийг халхавчлах зорилгогүй бол гэм буруугаа ухамсарласаныг илтгэх тул хөнгөвчлөх буюу хариуцлагаас хэсэгчлэн эсхүл бүхэлд нь чөлөөлөх үндэслэл болно.
Гэм бурууд тохирох хариуцлага нь учруулсан хохиролд нь үндэслэхээс бус учирч болох байсан эсхүл нугалж төлүүлэх гэх мэт хэт хатуу хариуцлага тооцох нь нуугдмал буюу далд хэлбэрийн “Сонирхолын зөрчил”-ийг бугшуулдаг муу талтай.
Сонирхолын зөрчил нь үйлдсэн хүнийхээ сэтгэл зүйд байнгын түгшүүр төрүүлдэг сэтгэл зүйд зовиуртай зөрчил тул өөрийгөө ч болов илчлээд сэтгэл амрахыг хүсдэг онцлогтой
.
Зөрчлийг үйлдэгдсэн түвшинд нь илрүүлж хохиролыг бууруулах нь байгууллага, хамт олон, ажилтанд тустай бөгөөд асуудалд хэтэрхий сүржин хандах, хэтийдсэн хариуцлага тооцох нь хохиролтой байдгийг үнэлж цэгнэн үзээрэй.
3.2. Дам сонирхолын зөрчил үүсэх тухай
Дам сонирхлын зөрчлийн бэрхшээлтэй байдал нь алдаа гаргасан хүн өөрөө энэ процесст сэтгэл зүйн хувьд хүсч үйлдээгүй, санамсаргүй байтал асуудалд өртсөн байдаг тул гэм буруугийн шууд бус нөлөөлөд хамруулан үзэх нь зөв.
Зарим талаар сонирхлын зөрчил гаргагч нь өөрөө ажил, карьер, сэтгэл зүйн хохирогч болдог эмзэг бөгөөд өвөрмөц субьект юм.
• Ажилтаны төрөл садангийн нэгэн хүн өрсөлдөгч байгууллагын удирдах ажилтны гэр бүлийн гишүүнтэй гэрлэх,
• Шүүн таслах ажиллагааны шүүгч нь хэрэгт орлцогч өмгөөлөгчтэй төрөл садан хувийн харилцаатай болох,
• Азын сугалааны азтан болсон нь шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хуулийн этгээдийн маркетингийн арга хэмжээ байх,
• Банкны данс андуурагдсаны улмаас сонирхлын зөрчил үүсэхүйц этгээдээс орлого олох гэх мэт олон шалтгаан байж болдог
Дам сонирхлын зөрчил нь санхүүгийн эрх ашигийн шинжтэй бол анхааран нягтлах хоёр тал бий
• Мөнгө андуурагдсан, бэлэг хожсон байдлаар танай байгууллагын ажилтныг элсүүлэх эс бол барьцаалах гадны байгууллагын ов мэх байх боломжтой...
• Мөнгө андуурагдсан, бэлэг хожсон тухайгаа мэдээлж ажил олгогчид итгэлээ батжуулах гэсэн ажилтны хувийн амбиц, эс бол өрсөлдөгчөөс элсүүлсэн мэдээлэл сонирхогч этгээд байж болох талтайг тус тус үнэлэн үзүүштэй!!!
Дээрх шинжийг илэрхийлээгүй бол эргэлзээгүй хариуцлагаас чөлөөлж гэнэт хөрөнгөжсөн орлогыг сайн дураар буцаахыг зөвлөх эсхүл байгууллагын дотоод журамд нийцүүлэн өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрөх гэсэн сонголтоос тохирох шийдвэрийг гаргах ёстой.
Эцэст нь сануулахад:
Шууд болон Дам сонирхлын зөрчлийн аль ч тохиолдолд өөрийгөө илчлэх хугацааг байгууллагаас тогтоож өгөх ёстой бөгөөд олонх жишээг харахад 60 хоног гэж тогтоож байна.
Энэ хугацаанд зөрчил гаргасан хүн өөрөө өөрийнхөө эсрэг шийдвэр гаргах зориглол шийдэл төрүүлэх хугацаа юм. Харин энэ хугацаанд зөрчлийн талаар хөндлөнгийн илчлэл гарвал “Царцаах” буюу зөрчил гаргагчийг өөрийн гэм буруутайг ухамсарлан ирж чин санаанаасаа гэмших боломжит хугацааг дуустал хүлээх нь оновчтой бөгөөд үр дүнтэй. Ийнхүү “Царцаах” аргаар хүлээлгэхэд учирч болох эрсдэл нь хэт өндөр байх эсхүл хойшлуулашгүй арга хэмжээ авахгүй бол гэм хор нь өсөх тохиоолдлыг журамд тусгайлан заасан бол нэн даруй арга хэмжээ авна.
“Хорвоо ертөнцийн бүхий л хөрөнгө зоорийг тоолж болох ч нэг хүний хүсэл шуналыг хэмжих боломж байдаггүй” хэмээн хүндэлж явдаг нэгэн бизнесмэн ах маань надад хэлж байсан нь эдүгээ хорь гаруй жилийн дараа ч тод санагдсаар л байдаг юм.
Бизнесийн орлого хүний оюун ухаан ур чадвар сэтгэн бодохуйн үр дүнгээр үүсдэг ч түүнээс дутахгүй ур ухаан зохион байгуулалтын үрээр хулгай, шамшигдуулалт, ашиглан завших гэмт хэрэг үүсдэгийг ямагт санаж олохын дайтай ухаантайгаа тэнцүү хадгалах хамгаалах тогтолцоогоо сайжруулахыг эелдгээр зөвлөе...