МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭ ЧИГ ҮҮРГҮҮД


Manager_works.jpg

Ажилд ороод удаагүй байгаа шинэ менежерүүд  “Би одоо юу хийх вэ?” гэсэн асуултыг бусдаас асуух нь элбэг. Туршлагатай сайн менежерүүд ч гэсэн заримдаа “Би чинь ингэхэд юу хийх ёстой хүн юу хийгээд яваад байна аа?” гэсэн асуултыг өөртөө тавихад хүрдэг. Бас нийгэм-сэтгэхүйн өөрчлөлт шинэчлэлтэй холбоотойгоор менежерийн гүйцэтгэх ажил үүргийн чиг хандлага ч өөрчлөгдөж байна. Иймээс энэ удаад “менежментийн шинэ чиг үүрэг” гэсэн энэ сэдвийг сонгон авсан юм.  

Уламжлалт хандлагаар менежерүүд төлөвлөх, зохион байгуулах, удирдах болон хянах гэсэн менежментийн үндсэн 4 чиг үүргийг хэрэгжүүлдэг гэж үздэг.

Төлөвлөх:

Байгууллагыг удирдана гэдэг нь далайд хөлөг онгоц жолоодохтой адил ойлголт. Аливаа газар руу аялахын тулд танд хаашаа чиглэн явж байгааг харуулах газрын зураг хэрэгтэй. Менежерүүдийн үүрэг бол байгууллагын зорилго, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ, эдгээрийг ямар үнээр, хэрхэн хэрэглэгчдэдээ хүргэх вэ? зэргийг тодорхойлон төлөвлөгөө гарган боловсруулах явдал юм. Энэхүү төлөвлөгөөнд байгууллагын алсын хараа, хэтийн зорилго, зорилгод хүрэх арга тактикийг боловсруулах зэрэг үйл ажиллагаа хамаарна.

 

Зохион байгуулах:

Менежерүүд төлөвлөгөөгөө боловсруулсны дараа энэхүү төлөвлөгөөг бодит амьдралд хэрэгжүүлж чадах байгуулгыг бий болгодог байна. Үүнийгээ төлөвлөгөөг хэрэгжүүлэх зохион байгуулалтын бүтцийг(ихэнхдээ алба хэлтэс зэрэгт хувааж, нарийн боловсруулсан байгууллагын ажил үүргийн зураглалыг бий болгодог)  боловсруулах замаар хэрэгжүүлнэ. Ингэснээр санхүүгийн, хүний болон бусад нөөцийг хэрхэн зарцуулах суваг тодорхой болно.

 

Удирдан чиглүүлэх:

Менежерүүд байгууллагын ажилчдаа зорилго зорилт өөд үр дүнтэй идэвхжүүлэх, удирдах үүрэг хүлээдэг. Чадварлаг удирдлага нь амжилттай менежерийн зан чанарын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Агуу удирдагчид агуу зүйлийг бүтээдэг бөгөөд ажилчдадаа эгэл бус зүйлийг хийх урам зориг өгдөг. Тэд ингэж гайхамшигтай зорилгодоо хүрдэг ажээ.

 

Хянах:

Менежерүүд өөрсдийн болон байгууллагын зорилгоо биелүүлэхийн тулд байгууллагын зорилго, зорилтод тулгуурласан гүйцэтгэлийн стандартыг бий болгох шаардлагатай. Эдгээр стандартаа бодит гүйцэтгэлтэй харьцуулан шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг байна.

 

Менежерийн үйл ажлын эдгээр сонгодог чиг үүргүүд  одоо ч гэсэн хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч илүү өргөн хүрээнд ойлгогдож, гүйцэтгэгдэх болоод байна. Учир нь нийгэм, цаг үеийн өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор менежерүүд болоод ажилчдын хооронд шинэ төрлийн түншлэлийн харилцаанууд бий болж байгаа юм.

Менежментийн шинэ чиг үүргүүд

Өнөөгийн цагийн менежерүүд ажилчдыг захирах, тушаах маягаар өндөр бүтээмжтэй ажиллуулж чадахгүй юм байна гэдгийг ойлгох болсон.  Харин үүний оронд  хамгийн бүтээлч байдлаараа ажиллах урам зоригийг өгөхөөр тийм орчныг бий болгох ёстой. Ажилчдын бодит чадавхийг нээн илрүүлж, бүтээмжийг нь сайжруулахын тулд менежерүүд менежментийн дараах шинэ чиг үүргүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй болоод байна.

Эрч хүч хайрлах:

Өнөөгийн менежерүүд аливаа ямар ч зүйлийг бий болгож чадна. Хамгийн дээд түвшний менежерүүд зарцулдагаасаа хамаагүй их энергийг бий болгодог ажээ. Амжилттай менежерүүд ажилчдыг хамгийн дээд зэргийн бүтээмжээр ажиллах урам зоригийг өгөх  алсын харааг бий болгодог байна.

Эрх мэдэл олгох:

Ажилчдад эрх мэдэл олгох гэдэг нь удирдахаа зогсооно гэсэн үг биш. Энэ нь тэдэнд ажлаа хийх эрх мэдэл, багаж зэвсэг өгнө гэсэн үг. Үр дүнтэй удирдлага нь нэг зорилгын төлөө нэгдсэн танай багийн гол хөшүүрэг юм. Ингэснээр ажилчид ажил дээрээ өөрсдийн бүхийл нөөц бололцоо, хүчин чадлаа дайчилдаг байна.

Дэмжлэг үзүүлэх:

Одоогийн менежерүүд  хянагч, гүйцэтгэгч байхаасаа илүү ажилчдад зөвлөгч, хамтран ажиллагч байх хэрэгцээ шаардлага тулгарч байна. Тусалж дэмжсэн ажлын орчин байгуулах үндсэн түлхүүр нь байгууллагадаа нээлттэй харилцаа, уур амьсгалыг бий болгох явдал юм. Ажилчид өөрсдийн санаа бодлоо айж эмээлгүйгээр үнэнч, шууд байдлаар илэрхийлэх шаардлагатай. Үүнтэй адилаар ажилчдад алдаанаасаа суралцах боломжийг олгох нь зөв.

Харилцаа:

Харилцаа нь аливаа байгууллагын амьдралын эх булаг юм. Мэдээлэл бол хүч бөгөөд бизнесийн хурд нэмэгдэхийн хэрээр зөв мэдээллийг ажилчдад илүү хурдтай түгээх шаардлагатай тулгарч байна. Бизнесийн орчин дэх тогтмол өөрчлөлт болон тогтвортой бус савалгаатай байдал ажилчид хоорондоо илүү ихээр харилцах шаардлагыг бий болгосон. Ингэснээр тэдний ажилд нөлөөлж байгаа өөрчлөлт, боломжуудыг таньж мэдэх боломжтой.

Та менежментийн  эдгээр шинэ чиг үүргүүдийг хэрэгжүүлснээр  ажилчид ажил дээрээ илүү хүчин чармайлт гаргаж, үр бүтээлтэй, үнэнч шударга ажиллахыг харах болно. Үүний үр дүнд танай байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний чанар сайжирч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж нэмэгдэх юм.

Ажилчдыг эрч хүчтэй болго

Ажилчид өдөр бүр ажилдаа өөрсдийн бүхий л хүч чадлаа дайчлан ажиллахыг харах танд сайхан биш гэж үү? Танд сайхан мэдээ дуулгая. Та ажилчдаа ажлын өдөр бүр ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж, ажилладаг болгож чадна. Харин та үүнийг хааяахан зохиогддог багийн уралдаан, ёс зүйн сургалт эсвэл айлган сүрдүүлэх зэрэг арга замаар хийх боломжгүй. Ажилчдыг ажилдаа  үнэн сэтгэлээсээ ханддаг болгохын гол нууц нь тэдэнд эрч хүч хайрлан дотоод нөөц бололцоо, авьяас чадварыг гаргаж ирэх явдал юм.

Ажилчдадаа эрч хүч өгөхийн тулд менежерүүд юу хийх шаардлагатай вэ? Доорх жагсаалтаар авууштай хэдэн санааг дурьдлаа.

  • Танай байгууллагын хүрэх гэж байгаа зорилгын талаар тодорхой дүрслэл төсөөллийг бий болго. Ажилчдынхаа санаа бодол, зөвлөгөөг сонсож боломжтой бол амьдралд хэрэгжүүлэх хэрэгтэй.
  • Ажилчдын ажлын хэрэгцээ шаардлагыг мэдэр. Мөн ажлын орчин ажилчдын бүхий бололцоогоо дайчлан ажиллахад тохиромжтой эсэхийг тооцоолж үзэх хэрэгтэй. Ихэнх цагаа бүү ажлын өрөөндөө өнгөрөө. Ажилчдынхаа өрөөгөөр орж тэдэнд урам зориг хайрлан, хүсэл тэмүүллийг бадраа.
  • Ажилчидтайгаа хэзээд үнэнч шударгаар харилц. Хүнд хэцүү, болохгүй байгаа зүйлийг тэдэнд шууд хэл.
  • Амлалт өгөхөөсөө өмнө үүнийг биелүүлж чадах эсэхээ сайн тунгаа. Хийж чадахгүй зүйлдээ бүү амлалт өг.

Та ажилчдадаа ямар арга замаар эрч хүч өгдөг вэ? Та ажилчдынхаа юу хүсэж байгааг мэдэж байна уу? Та ажилчдынхаа хүсэлт, шаардлагад хариу өгөн шийдвэрлэж чаддаг уу? Ажилчид байгууллагын хамгийн үнэт баялаг гэдгийг санаарай. Мөн ажилчид эрч хүчтэй болсон үедээ л үр бүтээлтэй ажилладаг юм шүү.

Ажилчдад эрх мэдэл олго

Шилдэг менежерүүд ажилчдадаа тодорхой эрх мэдэл олгон чухал даалгавар хариуцуулж өгсөнөөр ажлыг үр бүтээлтэй, хурдан гүйцэтгэж болдог гэдгийг мэддэг. Ажилчдад зорилгыг нь тодорхой болгож өгөхөөс гадна түүнийг гүйцэтгэх эрх мэдлийг олгох хэрэгтэй. Ажилчдад эрх мэдэл олгох хэд хэдэн арга замыг доорх жагсаалтаар дурьдлаа.

  • Ажил хийж байгаа хүний гарт эрх мэдэл олго. Хэрэглэгчидтэй шууд харилцаж байгаа ажилчид тэдний хэрэгцээ шаардлагыг мэдэрч чаддаг. Тиймээс уг ажилчдаар дамжуулж хэрэглэгчдэд нөлөөлөх хэрэгтэй.
  • Ажилчдыг үүрэг хариуцлагаар нь дамжуулж урам зориг өг. Ажилчдад аливаа ажлыг хийх эрх мэдэл олгосноор түүний үр дүн, чанарын талаарх хариуцлагыг давхар өгч байна гэсэн үг. Ажилчид байгууллагад идэвхтэй үүрэг гүйцэтгэхдээ өөрсдөө ажлын чанартаа анхаарал хандуулдаг.
  • Үүрэг даалгаврыг тодорхой болго. Ажилчид ажил үүргээ хүлээхээс өмнө тэдний хийх даалгавар, хүлээх хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай.
  • Манлайлах боломжийг дарааллуулан олго. Удирдлагын байранд хүмүүсийг ээлж дараагаар ажиллуулж үзэх нь тэдний дотор байгаа авьяас чадвар, нөөц бололцоог нээн илрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.
  • Зөвшилцлийг эрж хай(зөвшилцлийг бий болгох системийг үүсгэ). Удирдах үйл ажиллагаанд ажилчдыг татан оролцуулах нэг гол арга бол тэднийг байгууллагын чухал шийдвэр гаргалтын үйл ажиллагаанд урьж санаа бодлыг сонсох явдал юм.  Зөвшилцлийг эрж хайхад өндөр оролцооны түвшин шаардлагатай.

Ажилчдаа дэмж

Ажилчиддаа аливаа даалгаврыг хийж гүйцэтгэх хариуцлага, эрх мэдэл олгох нь чухал ч гэсэн ажлын үйл явцтай танилцаж байх шаардлагатай. Шилдэг менежерүүд ажилчдаа дэмжиж, туслан зааварлаж, зөвлөдөг. Хэрэв та ажилчдадаа шаардлагатай туслалцаа дэмжлэг үзүүлж чадахгүй бол тэдний танд итгэх итгэлцэл, хүндлэлийг бууруулж байна гэсэн үг. Та ажилчдаа дэмжихдээ дараах арга замуудыг ашиглаж болох юм.

  • Ажилчин тус бүртэй тогтмол, хувийн харилцаатай бай. Та байгууллагын ажилчидтайгаа тогтмол харилцаж байхгүй бол тэд таны дэмжлэг байгаа гэдгийг мэдэж, ойлгож чадахгүй. Зарим ажилчидтай харилцахад илүү хугацааг зарцуулах  шаардлагатай бөгөөд хэмжээг нь зөв тааруулах хэрэгтэй.
  • Ажилчдынхаа дотоод нөөц бололцоог илрүүлэн тань. Ажилчдынхаа авьяас чадвар, сонирхлыг хөгжүүлэхэд цаг гарган дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ажилчдадаа байгууллагынхаа төлөө амжилт гаргахад туслалцаа дэмжлэг үзүүл.
  • Ажилчдын санаа зөвлөгөөнд хариу өг. Ажилчдаас санал, зөвлөмж авах нь нэг хэрэг. Харин тэдний санааг байгууллагадаа хэрэгжүүлэх нь өөр хэрэг юм. Ингэснээр байгуулгын бүтээмжийг нэмэгдүүлээд зогсохгүй ажилчдаа дэмждэг тань харагдана.
  • Ажилчдаасаа ажилдаа хэр сэтгэл хангалуун байдаг болон удирдлагын талаар хэр сэтгэгдэлтэй байдгийг асууж мэдэхэд цаг гарга. Ажилчид ажилдаа болон удирдлагадаа хэр сэтгэл ханамжтай байгааг олж мэд.
  • Ажилчдаа хүндэлж, багийн үнэт гишүүн мэтээр харилц. Та ажилчдаа хүндлэхгүй, тэдний санаа бодлыг сонсохгүй байгаа тохиолдолд тэдний ажлын бүтээмж буурч, ёс суртахуун доошилдог.
  • Ажилчдаа тэдэнд шууд нөлөөлөх шийдвэр гаргалтанд татан оролцуул. Бүх шийдвэрүүд  нийт ажилчдад нөлөөлдөггүй ч гэсэн та ажилчдад шийдвэр гаргалтанд нөлөөлөх боломж олгосноор эерэг үр дүнг авч ирнэ.

Судалгаагаар ажилчдад хамгийн их нөлөө үзүүлдэг хүн бол тэдний удирдлага гэдэг нь тогтоогджээ. Авьяаслаг ажилчид байгууллагыг орхин гардгийн нэг шалтгаан нь удирдлагын зүгээс дэмжлэг үзүүлдэггүйтэй холбоотой. Ийм тохиолдлыг байгууллага дээрээ бүү гаргаарай.

Ажилчидтай харилцах

Ихэнх менежерүүд ажилчидтайгаа харилцах харилцааны тал дээр алдаа гаргадаг. Тэд ажилчидтай үр дүнтэй харилцааг бий болгож чаддаггүйгээс болоод үр дүнгүй харилцагчид болж хувирдаг. Гэтэл өнөөгийн хурдтай өөрчлөгдөж буй бизнесийн орчинд сайн харилцаа гэдэг бол амин чухал болоод байна. Та байгууллагынхаа үр дүнтэй харилцагч мөн үү? Дараах аргууд харилцаагаа сайжруулахад тань тус болж болох юм шүү.

  • Удирдлагадаа ажилчдын бодит мэдрэмж, санаа бодлын талаар тогтмол мэдээл. Менежерүүд шийдвэр гаргахад хамгийн чухал мэдээллээр хангагдсан байх шаардлагатай.  Буруу мэдээлэл буруу шийдвэр гаргахад хүргэдэг. Энэ нь ажилчдынхаа бодит мэдрэмж, санаа бодолын талаар удирдлагадаа тогтмол мэдээлнэ гэсэн үг юм.
  • Нийт ажилчдаа шийдвэр гаргах үйл ажиллагаанд татан оролцуул. Менежерүүд өөрсдөө шийдвэр гаргах нь амар байж болох ч сайн шийдвэрүүд нийт ажилчдын санаа бодлыг тусгаж чадсанаараа давуу талтай байдаг. Ажилчдаас санаа бодлыг сонсож үүнийг ажил хэрэг болгох хэрэгтэй.
  • Ажилчдадаа муу мэдээ дуулгах бол бусдыг бүү буруутга. Та менежер “Би энэ шинэ бодлогын эсрэг тэмцэх болно. Гэхдээ энэ миний мэдлээс хэтэрсэн асуудал байна.” гэж хэлсэн боловч үүнийг даган мөрдөхийг харж байсан уу? Энэ асуудал байнга тохиолддог. Менежерүүд чимээгүй өнгөрөхөөсөө илүүтэйгээр өөрийн санаа бодлоо шууд хэлэх хэрэгтэй.
  • Хүнд нөхцөл байдалтай тулгарах үедээ ажилчдадаа захидал, дуут шуудан үлдээхээс илүү нүүр тулж харилц. Хүнд тэмдэглэл, захидал, дуут шуудан илгээхээс илүү нүүр тулан харилцах нь үл ойлголцлыг арилган, харилцааг үр дүнд хүргэнэ.
  • Хэн нэгний ярьж байгааг сонсоход өөрийн тань санаа бодол бүү саад болог. Менежерүүд бусад ажилчдын талаарх ойлголтыг харилцахаас илүүтэй тэдний өмссөн хувцас, ярьж байгаа байдал зэргээс авах явдал бий. Иймээс менежерүүд энэ хандлагаа өөрчлөх хэрэгтэй.
  • Ажилчид санаа бодлоо тантай солилцохоор уулзахад илүү тохиромжтой байлга. Ажилчид ялангуяа доод түвшний ажилчид удирдлагатайгаа уулзаж санаа бодлоо хэлэхэд хүндрэлтэй байдаг. Ажилчид танд санаа бодол, асуудлаа хэлэхийг урамшуулан дэмжиж байх хэрэгтэй.
  • Байгууллагад гарч байгаа цуу яриа, цуурхалын талаар хэтэрхий их бүү санаа зов. Бүх байгууллага албан болон албан бус харилцааны системтэй. Цуу яриа нь ажилчид хоорондоо албан бусаар харилцах чухал хэрэглүүр юм. Тиймээс цуу яриа хэдий бага зэрэг худал мэдээ агуулсан байсан ч менежерүүдэд үнэ цэнэтэй мэдээллийг агуулж байдаг. Менежерүүд байгууллагын цуу ярианы урсгал дээр сууж худлаа мэдээллийг засаж байх хэрэгтэй.

 

671 2022-11-22
Нийтэлсэн: AnonymousUser