МЭДЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ


Knowledge_is_Power.jpg

Knowlede is Power. Знание-Сила. Мэдлэг бол хүч.

Фрэнсис Бэкон

Мэдлэгийг Collins English Dictionary толь бичигт “хүний эсвэл бүлэг хүмүүсийн мэддэг баримт, мэдрэмж эсвэл туршлага” хэмээн тодорхойлсон байдаг. Мэдлэг хүний оюунаас үүсч, амьдралд ашиглагддаг. Мэдлэг мэдээллээс урган гардаг боловч үүнээс илүү баялаг, гүн утга учир бүхий ойлголт юм. Мэдлэг үзэж туулсан туршлага, үнэт зүйлс, нөхцөл байдлаас хамаарах мэдээлэл болон мэргэжилтний шинэ туршлага болон мэдээллийн талаарх санаа бодлын нийлбэр хольц билээ.

Мэдлэгт адил төстэй байдал, харьцуулалтын үр дүн, түүний холбоо хамаарал багтдаг. Зарим мэргэжилтнүүд мэдлэгийн ойлголтонд мэргэн ухааныг хамааруулан авч үздэг. Байгууллагын хувьд мэдлэг гэдэг нь “ноу хау” эсвэл “ашиглагддаг үйлдэл”-ийн талаарх ойлголт байдаг.

Мэдлэгийн 3 хэцүү

  1. Мэдлэгийн талаар ярихад амархан ч тодорхойлох нь хэцүү
  2. Хамгийн чухал мэдлэгийг бусадтай хуваалцах нь хэцүү
  3. Өөрт байгаа мэдлэгээ үнэлж хэмжих нь туйлын хэцүү

 

Өгөгдөл, мэдээлэл, мэдлэг

 

Томас Х.Давенпорт болон Лауренс Прусак нар мэдлэгийг өгөгдөл ба мэдээлэлтэй холбон дараах байдлаар тайлбарласан байдаг.

 

“Мэдлэг нь мэдээллээс, харин мэдээлэл нь өгөгдлөөс бий болно. Өгөгдөл бол үзэгдэл, үйл явдлын талаарх бодит болоод тусгаар баримтуудын цуглуулга юм.  Мэдээлэл бол ихэвчлэн баримт бичиг, дуу авиа, дүрслэлийн хэлбэртэйгээр илгээгддэг мэдээ юм. Ямар ч мэдээнд илгээгч, хүлээн авагч гэж байдаг. Мэдээллийг илгээгч өгөгдөл дээр утга санаа нэмсэнээр өгөгдөл нь мэдээлэл болж хувирдаг.  Бид утга нэмэх дараах арга замуудаар өгөгдөлийг мэдээлэл болгон хувиргаж болох юм.

  • Нөхцөл байдалтай холбон авч үзэх/Contexturalize/ – Өгөгдлүүдийг ямар зорилготойгоор цуглуулснаа тайлбарлах
  • Ангилан хуваах/ Categorize/ – Өгөгдлийг задлан шинжилж, гол бүрдлүүдийг нь хэлэх
  • Тооцоолох/ Calculate/ – Өгөгдөлд математик болон статистикийн аргаар шинжилгээ хийх
  • Засварлах/Correct/ – Өгөгдлийн алдааг засаж залруулах
  • Хураангуйлах/Condense/ – Өгөгдлийг илүү товч хэлбэрт оруулан хураангуйлах

 

Хэрэв мэдээлэл шууд мэдлэг болчихдогсон байсан бол хүмүүс бүх ажлыг хийж чаддаг байхсан. Дараах үйлдлүүд мэдээллийг мэдлэг болгон хувиргахад туслана.

  • Харьцуулалт/Compare/ – Нөхцөл байдлын талаарх энэ мэдээлэл бидний мэдэх өөр бусад нөхцөл байдалтай ямар байдлаараа адил төстэй эсвэл ялгаатай байна вэ?
  • Үр дагавар/Consequence/ – Энэ мэдээллээс хийх үйлдэл болоод шийдвэрийн талаар ямар мөрдөлгөө, дүгнэлт гарах вэ?
  • Холбоо, хамаарал/Connection/ – Мэдээллийн энэ бит/хэсэг/ бусад мэдээлэлтэй хэрхэн холбогдох вэ?
  • Харилцан яриа/Conversation/ – Бусад хүмүүс энэ мэдээний талаар юу гэж бодож байгаа вэ?

 

Мэдлэгийн төрлүүд

 

  1. Ил болон далд мэдлэг

Байгууллагад байгаа мэдлэг ил ба далд гэсэн үндсэн 2 төрөлд хувааж болох юм. Ил мэдлэгийг цаасан дээр буулгаж өгөгдөл болгон хадгалж болно. Ил мэдлэгийн жишээнд гарын авлага, бичигдсэн үйл ажиллагааны зааварчилгаа, сайн туршлага, хичээл судалгааны үр дүнгүүд орно. Ил мэдлэгийг дотор нь бүтэцлэгдсэн ба бүтэцлэгдээгүй хэмээн ангилдаг.  Баримт бичиг, өгөгдлийн сан, хүснэгтэн мэдээллүүд тодорхой байдлаар зохион байгуулагдсан байдаг тул бүтэцлэгдсэн мэдлэгт хамаарна. Харин и-мэйл, зураг, сургалтын курс болон дуу дүрсний бичлэгүүд эмх замбараагүй байрладаг учир эдгээр нь бүтэцлэгдээгүй мэдлэг юм.

Хүмүүсийн толгойдоо тээж явдаг мэдлэг бол далд мэдлэг юм. Энэ нь ил мэдлэгээс илүү хийсвэр, ямар нэгэн зүйлийн талаар тайлбарлах боломжгүй ойлголт бөгөөд бичиж тэмдэглэхэд ч гэсэн хүндрэлтэй. Жишээлбэл та унадаг дугуйг хэрхэн унахыг мэддэг боловч үүнийг өөр хүнд тайлбарлана гэдэг бол нилээд чадвар шаардсан ажил. Далд мэдлэгийг олж эзэмшихэд хэцүү байдаг. Үнэндээ ихэнх хүмүүс өөрсдийн далд мэдлэгийн үнэ цэнэ, ач холбогдлын талаар мэддэггүй. Эрдэмтэд далд мэдлэгийг илүү үнэ цэнэтэй хэмээн авч үздэг бөгөөд эдгээр нь хүн, газар, туршлага болон санаа бодлын талаар мэдээлэл өгдөг ажээ. Үүнийг мэдэж эзэмшихийн тулд хувийн харилцааны үйл ба итгэлцэл шаардлагатай.

 

  1. Шинэ ба хуучин мэдлэг

Ерөнхийдөө ихэнх мэдлэгийн менежментийн стратегиуд үндсэн 2 чиглэлийн нэгний дагуу үйл ажиллагаа явуулдаг. Эхнийх нь байгууллагад байгаа мэдлэгээ илүү үр дүнтэй ашиглах, нөгөө нь шинэ мэдлэг бий болгох стратеги юм.

Байгууллагад байгаа мэдлэгийг (хуучин мэдлэг) илүү үр дүнтэйгээр ашиглах нь “мэддэг зүйлээ мэдэх”-ээс эхэлдэг. Ихэнхдээ удирдах ажилтнууд “зөвхөн бид л үүнийг мэддэг үү?” хэмээн асуудаг. Олонх тохиолдолд байгууллагын ажилчид хайж байгаа мэдлэг, мэдээлэл байгууллагад байгаа ч ашиглах бололцоогүй байдлаас шалтгаалан асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Тиймээс компаниуд мэдлэгийн удирдлагын үйл ажиллагаагаа юу мэддэг вэ гэдгээ тодорхойлохоос эхлэх хэрэгтэй. Үүний дараа мэдлэгийн хяналт үнэлгээ, байгууллагын мэдлэгийн урсгал, нөөцийг зураглах, далд мэдлэгийг ил болгох арга хэмжээг авч хэрэгжүүлж болно.

Шинэ мэдлэгийг сургалт, гадаадын мэргэжилтэнг урьж байгууллагадаа ажиллуулах, ажилчид санаа оноогоо солилцох уулзалт зохион байгуулах зэрэг аргуудаар бий болгож болно. Ихэнх менежерүүд үүнийг судалгаа хөгжил болон бүтээн бий болгох үүргүүдтэй андуурдаг. Бидэнд тулгараад байгаа жинхэнэ сорилт нь бүтээлч санаагаа алдахгүй байнгын урсгалаар хангаж байх явдал юм.

Бодит амьдралд шинэ болон хуучин мэдлэгийн ялгаа тийм ч тодорхой байдаггүй. Өнгөрсөн цаг хугацаанд хамаарах мартагдаж буй сургамжууд дээр үндэслэн, тэдгээрийг хослуулан нэгтгэснээр шинэ санаачилгыг бий болгодог. Үүнтэй адилаар хуучны мэдлэгийг шинэчлэн хослуулж шинэ мэдлэгийг үүсгэдэг билээ.

 

Мэдлэгийн түвшин

  1. 4 түвшний ангилал

      Intelligent Enterprise (1992) номын зохиогч, мэдлэгийн менежментийн нэрт судлаач Жеймс Брайн Квин/James Brian Quinn/ мэдлэг эзэмшилтийн дараах 4 түвшин байна гэж үзсэн байдаг.

1-р түвшин: Юу вэ гэдгээ мэдэх/know what/  – Оюутнууд их сургууль төгсөхдөө мэдвэл зохих танин   мэдэхүйн мэдлэг

2-р түвшин: Хэрхэн, яаж гэдгийг мэдэх (know how) – Онолын мэдлэгийг амьдралд хэрэгжүүлэх чадвар. Энэхүү мэдлэгийг оюутнууд их сургуулиа төгсөөд ажилд орсоны дараа өөртөө төлөвшүүлэх шаардлагатай.

3-р түвшин: Яагаад гэдгийг мэдэх/know why/ – Аливаа нарийн төвөгтэй үйл явдлын учир шалтгаан, үр дагаврыг гүн гүнзгий ойлгох чадвар. Энэхүү мэдлэгийг хүнд хэцүү асуудал шийдвэрлэх, бусадтай туршлагаа хуваалцах явцдаа олж авдаг ажээ.

4-р түвшин: Яагаад гэдгийг тун нухацтай авч үзэх/care why/ – Энэ бол өөрийгөө сэдэлжүүлэх бүтээлч үйл ажиллагаа.  Энэ түвшний мэдлэг бүхий хүмүүс хүсэл сонирхол, урам зоригтой, амжилтанд хүрэх чадвартай байдаг.

 

  1. 7 түвшний ангилал

Расс Акоффын  “Өгөгдлөөс мэргэн ухаан /From Data to Wisdom, Journal of Applied Systems Analysis, Volume 16, 1989 p 3-9/ нийтлэлд мэдээлэл, мэдлэгийн 4 түвшинг бий болгох үйл ажиллагааных нь хамт доорх байдлаар схемчлэн харуулсан байдаг.  

 

 

Харин “Мэдлэгийн хувьсал” номын зохиолч Верна Аллей энэ ангилалыг дараах байдлаар бүр 7 болгон дэлгэрүүлэн задалсан байна.  

  • Өгөгдөл/Data/ – Өгөгдөлүүд мэдээллийн хязгааргүй далайд хөвж явдаг мөсөн уул юм. Өгөгдлүүдийг хооронд нь холбож зохион байгуулснаар мэдээлэл бий болно
  • Мэдээлэл/Information/ – Мэдээллүүдийг задлан шинжилж, хооронд нь холбон харьцуулснаар мэдлэгийг бий болгодог ажээ
  • Мэдлэг/Knowledge/ – Томоохон, цогц утгыг бий болгодог нийгэм соёлын талаарх хүмүүсийн үзэл бодлыг илэрхийлнэ
  • Утга санаа/Meaning/ – Утга нь философийн томоохон хийсвэр ойлголт бөгөөд таамаглал, итгэл үнэмшил, онолыг дотроо агуулна
  • Философи/Philosophy/ – Мөн чанарыг танин мэдэх зорилгоор эргэцүүлэн тунгаан бодох үйл болоод философидох үйлээр олж авсан, хараахан мэргэн ухаанд хүрээгүй байгаа мэдлэгийн түвшинг үүнд ойлгоно
  • Мэргэн ухаан/Wisdom/ – Мэргэн ухаан нь бидний зорилго болон үнэт зүйл, ертөнцийг үзэх үзлийг илтгэнэ
  • Нэгтгэл/Union/ – Энэ нь аливаа зүйлсийн нэг цулд нэгдэх нэгдлийг ойлгох, илүү нээлттэй, өргөн хүрээнд, багтаан агуулж сэтгэх сэтгэлгээний үр дүнд бий болдог бөгөөд түүний ачаар бид холбоо хамаарлыг ойлгон ухаарч,  өөрсдийн эрхэмлэх зүйлсийг өөрчлөн хувиргадаг

 

 

 

 

 

 

 

2176 2022-11-22
Нийтэлсэн: AnonymousUser