“Хүмүүжүүлэгч”тэй /ментор/ байхын бизнес ач холбогдол, ашиг тус

“Хүмүүжүүлэгч” болон “Суралцагч”-ийн харилцаа Сократ Платог хүмүүжүүлснээс эхлээд, хэд хэдэн зууныг дамжин бидэнд өвлөгдөн иржээ. Харин өнөө цагт энтрепренерүүд, бизнесийн манлайлагчид энэхүү эртний сурвалжтай харилцаанаас хэчнээн их зүйлийг олж болохыг танин мэдсэн байна.
Иймээс уншигч танд зориулж хүмүүжүүлэгчтэй байхын 7 үндсэн ашиг тусыг толилууллаа.
Туршлагатай зөвлөгч
“Хүмүүжүүлэгч” нь ололт амжилт, бүтэлгүйтлийн ихээхэн туршлага хуримтлуулсан, салбартаа нэр хүнд бүхий манлайлагчид байдаг тул танд үнэт зөвлөгөөг харамгүй хайрлах болно.
Тэр танд бизнесийн арга аргачлал, бодит ертөнцийн практик туршлага дээр суурилсан, цаг үеэ яв цав олсон зөвлөгөөг өгөөд зогсохгүй, таны анд нөхөр, ахан дүү байж чадна. “Хүмүүжүүлэгч”-ээсээ та хөрөнгө хэрхэн босгохоос эхлээд маркетингийн хамгийн анхны ажилтнаа хэрхэн шалгаруулж авах хэрэгтэй вэ гэх мэт ямар ч зөвлөгөөг аль ч үед авах боломжтой байдаг.
Асуудлын шийдлийг олоход туслагч
Бизнест асуудал хэзээд мунддаггүй бөгөөд тэр үед сэтгэлээр унах, сэтгэл хөдлөлдөө автах, шантрах, айдаст автах хэн бүхэнд тохиолддог. Харин асуудал тулгарахад түшиж тулах “Хүмүүжүүлэгч”-тэй байснаар танд шинэ санаа, инноватив шийдлүүдийг олоход илүү хялбар байна. “Хүмүүжүүлэгч” таны үзэгдэх орчныг тэлж, өргөн хүрээгээр сэтгэх боломж болон алсын харааг тань нээж өгөх болно.
Холбоо харилцааны шавхагдашгүй нөөц
Бизнесийн ертөнцөд хүчирхэг түншүүд, үнэнч хэрэглэгчидтэй байх нь маш том боломжийг бий болгодог билээ. Харин тэрхүү боломжийг олон жилийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон танил тал, холбоо сүлбээгээ ашиглан “Хүмүүжүүлэгч” таны гарт атгуулах болно.
Ихэнх бүс нутагт тусгайлсан “Менторшип” чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага байдаг. Жишээлбэл, SCORE хэмээгч жижиг дунд бизнесийг дэмжих, оршин тогтнох, өсөн дэвжихэд нь туслах зорилготой ашгийн төлөө бус байгууллага 62 салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 11000 сайн дурын “Хүмүүжүүлэгч”-тэй бөгөөд тэд харилцагчдаа боловсрол, сургалтын болон холбоо харилцааны нөөц бололцоогоор хангадаг байна.
Үүнээс улбаалаад, маш олон бизнес эрхлэгчид холбоо харилцааны боломжийг олж авахын тулд “Хүмүүжүүлэгч-Суралцагч”-ийн харилцааг эрэлхийлж, өөрийн “Хүмүүжүүлэгч”-тэй болохыг эрмэлздэг байна. Хэрэв та сайн борлуулагч, нийлүүлэгч эсвэл хөрөнгө оруулагч хайж байгаа бол таны “Хүмүүжүүлэгч” бизнесийн ертөнцөд шигтгэсэн өөрийн нэр хүнд, байр сууриа ашиглан, танд хэн рүү ярих, хэнд хандах хэрэгтэйг зааж өгч чадна.
Биет бус хөрөнгө оруулагч
Таны “Хүмүүжүүлэгч”-ийн өгсөн тэрхүү үнэт зөвлөгөөнүүд байгууллагын тань санхүүгийн тайланд эерэгээр нөлөөлөгч элемэнтүүд болж чадна гэдэгт итгэлтэй байна. Харамсалтай нь, тэрхүү нөлөөлөгч нь “Яг энэ байна?”, “Яг тэдэн доллар орууллаа” гэж харагдаж, гарт баригдаж, нүдэнд үзэгдэх нь ховор.
2012 онд бизнес эрхлэгчдийн дунд явуулсан судалгааны дүнд, бизнес эрхлэгчид “Хүмүүжүүлэгч”-тэй байснаар тэдний санхүүгийн тайланд шууд нөлөөлдөг болохыг батлан хэлж байсан бөгөөд ижил төстэй үйл ажиллагааны чиглэлтэй бизнес эрхлэгчдийг харьцуулахад, “Хүмүүжүүлэгч”-тэй бизнесийн орлогын өсөлт 106% буюу ойролцоогоор 47000 доллар байхад, хэн нэгэн туршлагатнаас зөвлөгөө авдаггүй бизнесийн өсөлт 14% орчим буюу 6600 доллар байсан нь 7-8 дахин бага байгаа юм.
Ур чадварыг хурцлагч
Бизнесийн байгууллагад орлого нэмэгдэнэ гэдэг маш сайхан зүйл байдаг. Гэвч үүнийг “Хүмүүжүүлэгч”-тэй байхын хамгийн чухал ашиг тус гэж ойлгох нь өрөөсгөл билээ. Учир нь орлогын өсөлтийг дагаад, компанийн удирдагчид ажилтан нэмж ажиллуулах эсэх, нийлүүлэлтийн гинжин холбоогоо илүү боловсронгуй болгох эсэх, оффисын байршлаа өөрчлөх, талбайн хэмжээгээ өргөтгөх эсэх гэх мэтчилэн маш олон тооны асуулт, бодолхийллууд гарч ирдэг. Харин тэрхүү асуултуудын хариултыг ганцаарчилж олоход та хараахан боловсроогүй , зохих төвшний туршлагатай, авхаалж самбаат байдлыг тухайн нөхцөлд олж авч амжаагүй байгаа бол ур чадварыг тань нэмэгдүүлэхэд маш том тусламж дэмжлэг болох “Хүмүүжүүлэгч” нэгэн танд зайлшгүй хэрэгтэй билээ.
Урам зориг илгээгч
Бизнес эрхэлж эхлэхэд тоо томшгүй олон асуудал, асуултууд тулгардаг. Тухайн үед урам зориг өгөх, тэрхүү сэтгэлийн тэсвэр тэвчээрийг хайрлах хэн нэгэн хажууд тань байвал таны бизнесийг амжилтад хүрэхэд асар том хувь нэмрийг оруулах болно.
Ямар ч эрсдэлгүй
“Хүмүүжүүлэгч-Суралцагч”-ийн харилцааны хамгийн чухал ашиг тус бол тухайн бизнес эрхлэгчээс сохор зоос ч шаарддаггүй, үүгээрээ ч огт эрсдэлгүй байдаг билээ. Та сургалт семинар, бизнесийн зөвлөх гэх мэтэд мөнгө зарцуулахгүй, аль эсвэл үнэтэй ном худалдаж авах шаардлагагүй. Танаас шалтгаалах зүйл гэвэл бизнесийн ертөнцөд урьтаж хөл тавьсан нэгнээс суралцах чин сэтгэлийн хүсэл эрмэлзлэл л байхад болно.
Эх сурвалж: www.kabbage.com