EQ гэж юу вэ? Түүний ач холбогдол нь ямар байдаг вэ?


1_Gi6vZCo.jpg

              Ажлын ёс зүй, үнэнч шударга зан болон ур чадвар зэрэг нь тухайн ажилтан амжилтад хүрэх гол хүчин зүйл болдог гэдэгтэй хэн хүний санал нийлэх буй за. Гэтэл сүүлийн үеийн судалгаагаар EQ өндөр байх нь карьерын амжилтад хүрэхэд үндсэн үүргийг гүйцэтгэдэг болох нь илэрчээ.

 Охио мужийн Мяами их сургуулийн профессор Жосеф Си.Рөүд ба түүний хамтрагчид олон жилийн судалгааны дүнд олж мэдсэнээр, ихэнх ажилтны хувьд өндөр цалин, ажилдаа сэтгэл хангалуун байдал нь EQ-тэй холбогддог байна.

Гэсэн ч, цор ганц EQ өндөртэй байх нь таныг амжилтад хүргэнэ гэдэг эргэлзээтэй. Гол нь таныг аз жаргалтай, ажил мэргэжил, карьертаа сэтгэл хангалуун байхад нөлөөлдөг байна.

Иймээс уншигч танд Бизнес Ньюс Дэйли сэтгүүлийн хамт олны нийтэлсэн EQ-гээ хөгжүүлснээр карьерт хэрхэн өөрчлөлт гарч болох талаар өгүүлсэн энэхүү нийтлэлийг хүргэж байна.

EQ /emotional intelligence/ гэж юу вэ?

“EQ гэдэг нь хамгийн энгийнээр тайлбарлавал бусадтай харилцах чадвар юм.”  

Лиз Бэнтли Нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Лиз Бэнтли

EQ өндөртэй хүмүүс өөрийгөө, бусдыг, нийгмийн байдлыг сайтар танин мэдсэн байдаг тул бие хүнээ болон бусдыг удирдах чадвартай байдаг байна.

“EQ нь сэтгэл хөдлөл болон танин мэдэхүй хоёрын нийлэмж бөгөөд ихэнх тохиолдолд IQ-г дэмждэг байна. EQ-гээ хөгжүүлснээр тухайн ажилтан сэтгэл хөдлөлөө удирдах, улмаар түүнийгээ  олж авсан мэдээлэл, баримтыг үр дүнтэй боловсруулахад ашиглаж чаддаг байна. ”

Бэнтлигийн хэлснээр:

EQ өндөр хүмүүс хэнд ямар үүрэг даалгавар хуваарилахыг сайн мэддэг, хариуцлагатай, удирдлагад байгаа хүмүүстээ зааж зөвлөхдөө гаргуун, хамтын ажиллагаа сайтай нягт багийг бүрдүүлж чаддаг тул бусдыг удирдан залах чадвартай байдаг байна.

Удирдлагын ажилтан, түүний удирдлагад байгаа ажилтан, хамтрагч, хэрэглэгч гээд бүгд л нийлж байж бизнесийг бүтээдэг тул “Хүн” гэдэг бизнесийн хувьд хамгийн чухал, хэрнээ ойлгоход ээдрээтэй “Түүхий эд” байдаг.

Иймээс ч EQ өндөр байснаар тэдгээр хүмүүсийн сэтгэл хөдлөлийг удирдан, анхаарал төвлөрөх, урам зориг, эрч хүч олж авахад нь манлайлдаг байна.

EQ-гээ ашиглан хэрхэн амжилтад хүрэх вэ?

Рөүдийн судалгааны үр дүн бидэнд EQ өндөртэй хүмүүс, бусадтай харьцуулахад өндөр цалин авдаг болохыг харуулсан нь чухал ойлголт байсан ч, уг судалгааны хамгийн гол зорилго нь яг л IQ-гийн тестийн хариу буруу зөв байдагтай ижлээр  EQ-г хэрхэн хэмжихийг тодорхойлох байжээ.  Жишээлбэл, судалгаанд оролцогчдод өөр өөр үзэгдэл эсвэл урлагийн бүтээлийг харуулахад, тэдний нүүрэнд сэтгэл хөдлөлийн ямар шинж тэмдэг илэрч байгааг тэмдэглэх зэрэг туршилтууд хийсэн байна.

Харин өндөр цалин, EQ өндөртэй байх хоорондоо ямар хамааралтай юм бэ? гэж уншигч та гайхаж байж магадгүй юм. “Цалингаа нэмүүлэхээр хүсэлт гаргана гэдэг хамгийн хэцүү ажил шүү дээ.” Гэтэл EQ өндөртэй хүмүүс нөхцөл байдлыг өөрийнхөөрөө уншиж, хэзээ ямар үед  хүсэлт гаргавал үр дүнгээ өгөх ТӨГС МӨЧ-ийг сонгож чаддагт оршино.

Түүнээс гадна, EQ өндөртэй хүмүүсийн бүтээмж илт өндөр байдаг байна.

“Бусадтай хамтран ажиллаж  чаддаг хүн,
Ажлыг бүтээж чадна.”

Эх сурвалж: www.businessnewsdaily.com

1769 2020-01-07
Нийтэлсэн: AnonymousUser