Хурдан ШИЙДВЭР гаргахад туслах 4 арга


123729309_1730483530453269_7449109254644420390_n.jpg

Одоогийн ажил мэргэжил, хүрээлэл харилцаа холбоо, бие мах бодийн эрүүл мэнд гээд бүх л зүйлс бидний өнгөрсөнд гаргасан шийдвэрийн үр дагавар юм.

Бид нөхцөл байдалдаа анализ дүгнэлт хийж оновчтой шийдвэр гаргахыг хичээдэг ч зарим үед хэрхэн зөв шийдвэр гаргахаа мэддэггүй.Учир нь ямарваа нэгэн шийдвэр гаргахдаа хэт их бодож санаа зовон,цаг хугацаа алдаж байдаг.

Ингээд хурдан шийдвэр гаргахад туслах аргуудыг хуваалцъя.

Шийдвэр гаргалт нь хувь хүний сэтгэн бодох, тухайн үеийн сэтгэл зүй зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Тиймээс шийдвэр гаргалтын хариу үйлдэл хурдан эсвэл удаан байна. Гэхдээ шийдвэр гаргах ур чадварт бид суралцах боломжтой. Өөрөөр хэлбэл энэ нь хүний төрөлх зан араншин эсвэл нэгэнт дадал болон тогтсон зүйл биш харин хүн амьдралынхаа явцад суралцаж илүү сайжруулах боломжтой ур чадвар юм.

2 минутын дүрэм

Энэ нь хүн өөрөө өөртөө шийдвэр гаргах хугацаа өгөх арга юм.Өөрөөр хэлбэл ямар нэгэн шийдвэр гаргах үедээ эцсийн хугацаагаа тодорхой болгох хэрэгтэй. Учир нь тодорхой хугацаа заасан үед хүн шийдвэр гаргалтад илүү хурдан хариу үйлдэл үзүүлдэг байна.

Хэрвээ та шийдвэр гаргахдаа удаан бол энэ арга танд тус болно. Заавал 2 минут гэхгүйгээр 1-5 минут гэх зэргээр тогтоож болно.

Гэхдээ хэрэв чухал бөгөөд том шийдвэр гаргах гэж байгаа бол хангалттай хугацаа өгөх хэрэгтэй тэгсэн хэдий ч заавал эцсийн хугацааг нь зааж өгсөн байх ёстой.

Хар Цагаан бодол

Зарим үед бидэнд шийдвэр гаргах олон сонголтууд гарч ирэх бөгөөд эдгээр нь “хэрхэн оновчтойг нь сонгох вэ?” гэсэн эргэлзээтэй байдлыг бий болгож байдаг. Энэ тохиолдолд сонголтуудыг “сайн” эсвэл “муу” гэж ангилан ялгаж харах хэрэгтэй.Ингэснээр шийдвэр гаргах үйл явц илүү хялбар болно.

Ялангуяа уг арга нь бүх сонголт,хувилбарыг бодолцож тэдгээрт асуулт тавьж байдаг хэт ургуулан бодогчдод тохиромжтой. Мэдээж сонголтын хувилбаруудыг бодож нягталж үзэх нь чухал хэдий ч хэтрүүлэн бодож эхлэх үед асуудал болж эхэлнэ.

Хэрвээ та маш их төсөөлөн бодогч нэгэн бол сонголтуудаа “сайн” “муу” гэсэн баганад хуваан ангилаад тэдгээрээс аль оновчтой гэж үзсэнээ сонгож болно. Магадгүй ямар асуудал гэдгээсээ хамаараад шийдвэр гаргалтын хувилбаруудыг “сайн” эсвэл “муу” гэж ангилахад тохиромжгүй байж болох хэдий ч аль болох өөрт ойлгомжтойгоор ангилахыг хичээгээрэй. Тэгснээр хувилбар бүрийг нарийвчилж бодож хугацаа алдахгүйгээр хурдан шийдвэр гаргахад тус болох болно.

Хувилбаруудаа малгайд хийх

Энэ бол шийдвэр гаргалтын хамгийн энгийн аргуудын нэг.Хэрэв шийдвэр гаргах бүх хувилбарууд үнэ цэнийн хувьд адилхан мэт санагдвал тэдгээрээс хамгийн шилдэг гэж бодсон хувилбаруудаа тусдаа жижиг цаасан дээр бичээд малгай эсвэл цүнхэнд хий.

Тэгээд санамсаргүйгээр нэгийг сонгож шийдвэрээ гарга. Гэхдээ энэ арга нь таны шийдвэрийн хувилбаруудын үр дагавар ойролцоо байх тохиолдолд илүү тохиромжтой гэдгийг санаарай.

Алдаа бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөрөх

Удаан шийдвэр гаргадаг хүмүүсийн дийлэнх нь шийдвэр гаргалтыг хэтэрхий том зургаар харж,шийдвэр нь муу үр дагаварт хүрэхвий гэхээс маш их айж болгоомжилдог.

Шийдвэр гаргалтыг оюуны зураглалтай адилтгаж бодох хэрэгтэй.Нэг шийдвэр гаргалтын үр дагаварт хэт их анхаарахын оронд шийдвэр гаргалтын дараагийн алхам юу вэ? гэдэгт төвлөр.

Бид шийдвэр гаргах үедээ тэдгээрийн үр дагавар нь ирээдүйд ямар байх бол гэдэгт санаа зовж,хэт их төсөөлөн бодож, цаг хугацаа,хүч энергиэ барж байдаг. Үүнээс болоод шийдвэр гаргахгүй хойшлуулах тохиолдлууд их гардаг. Энэ нь хожим нь харамсах зүйл болох нь элбэг.

Шийдвэр гаргаад алдсан ч хүн алдаанаасаа суралцаж байдаг учраас шийдвэр гаргаагүй байснаас л илүү дээр. Тиймээс өөрийн айдсаа даван туулж зоригтой шийдвэр гаргаж сурснаар хожимдсон харамслаас зайлсхийж чадна.

3048 2020-11-09
Нийтэлсэн: AnonymousUser