Байгууллагын “Суралцах соёл”-ыг бүтээх 10 шалтгаан


site_uVVzVdG.jpg

Нилээдгүй олон байгууллагатай хамтран ажиллах явцад ихэнх байгууллагад суралцах үндсэн 2 хандлага байдаг болохыг олж мэдлээ. Үүнд:

  • Тухайн салбар, эсвэл хууль тогтоомжид шаарддаг тул албадлагаар суралцах. Энэ нь байгууллагын амьдрах чадвар, нэр хүндэд эерэгээр нөлөөлдөг тул тун чиг чухал. Гэтэл албадлага бол үүрэг болгож, хүчээр хийх үйл явц учраас инноваци, хөгжилд тийм ч хэрэгцээт зүйл биш байдаг.
  • Гүйцэтгэл, ёс зүйг сайжруулах, чадварлаг хүний нөөцийг бий болгох, тогтоон барих, суралцах, асуух соёлыг бий болгох замаар инновацийг бүтээхийг зорьсон хүсэл тэмүүлэл  

Аливаа компани албадлагаар сургалт зохион байгуулж, ажилтнууд нь хүссэн ч, эс хүссэн ч хамрагдаж байгааг “Суралцах соёл”-той байгууллага гэж эндүүрч болохгүй.

Иймээс “Суралцах соёл”-ын ач холбогдлыг ярихаас урьтаж, “Суралцах” гэж яг юуг хэлээд байгааг товчхон дурдъя.

Суралцах бол хэрэгцээгүй мэдээллээр сав дүүргэх гэж хичээх бус, идэвх, оролцоо өндөртэй үйл явцыг нэрлэнэ. “Заах” албадлагын үр дүнгээр биш, мэдээллийг мэдлэг, ур чадвар, үнэ цэн болгон хувиргахын тулд зөвлөх, дэмжих үйл явцыг сургах гэнэ.

Суралцахад:

  • Асуулт асуух
  • Асуудал шийдвэрлэх
  • Ажилтныг хөгжүүлэх (Хүмүүн капиталыг бий болгох)
  • Инновацилаг, уриалгахан ажиллах уур амьсгалыг бүрдүүлэх
  • Шилдэг туршлагыг урамшуулах, хуваалцах
  • Коучинг, менторинг хийх замаар авъяастныг хөгжүүлэх
  • Суралцах дадлыг бий болгох. Давтлага дадлыг бий болгож, дадал зарчмыг бүтээдэг.

“Биднийг өдөр бүрийн давтлага тодорхойлдог. Тиймдээ ч, төгс зүйл нэгхэн удаагийн үйл явдлаас бус, дадлаас бүтдэг.” Аристотель

Байгууллагын гүйцэтгэлд эерэгээр нөлөөлдөг тул  “Суралцах соёл” аливаа байгууллагад гарцаагүй чухал байдаг. Үүний 10 шалтгааныг доор дурдъя.

  1. Ёс суртахуун, сэдэл тэмүүллийг хөгжүүлэх - Ажилтны сэтгэл ханамжид өөрийн үнэ цэнг мэдрэх нь тун чухал үүргийг гүйцэтгэдэг. (Ихэнх ажилтанд сэдэлжүүлэлт цалингаас хол илүү нөлөөтэй байдаг)
  2. Ажилтныг тогтоон барих, зардлыг бууруулах. Үнэнч, чадварлаг ажилтныг хүсч байна уу та? Гэтэл одоо байгаа хэдийгээ харахаар ёс суртахуун сул, бүрэн нөөцөө дайчилж ажилладаггүй ч юм шиг. Тэдгээр ажилтныг гол нь сэдэлжүүлэх, туршлагажуулах хэрэгтэй. Суралцах, туршлагажих явцад ажиллах дадал, дур сонирхол бий болдог. Ингэж байж л үнэт ажилтнаа олж авна шүү дээ!
  3. Суралцах, хөгжих үйл явцын үр дүнд хамтын ажиллагаа бий болдог. Суралцах соёл байгууллагын ажилтнуудыг нэгтгэх, хамтын зорилгынхоо төлөө зүтгэх дадлыг бий болгодог.
  4. Суралцах соёл ирээдүйн төлвийг ойлгох, хүлээн авах явцыг дэмжиж, тууштай зан төлвийг суулгаж, хорлон сүйтгэгч сэтгэлгээнээс ангижруулдаг.
  5. Өөрчлөлтийн хурцадмал байдлын үед суралцах үйл явц маш чухал байдаг. Та бодоод үз дээ. Google, Apple цэцэглэн хөгжиж байхад,  HMV, Comet, Kodak зэрэг компаниуд яагаад дампуурчихаа вэ? Сүүлийн жилүүдэд өөрчлөлт биднийг үнэндээ хачирхуулж байна. Харин энэ үед бэлтгэлтэй байх нь тун чухал.
  6. Суралцсанаар бүтээмж нэмэгддэг.
  7. Суралцах нь ROI /Хөрөнгө оруулалтын өгөөж/ -ийг нэмэгдүүлдэг.
  8. Ажилтан, Үйлчилгээ, Хандлага аливаа байгууллагын амжилтын үндэс. Ижил төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллагуудын хувьд тэдгээр 3 хүчин зүйлсээр л ялгардаг. Харин тэдгээрийг чадваржуулах, сайжруулахын тулд суралцах хэрэгтэй.
  9. Суралцах хүсэл тэмүүлэлгүй удирдах ажилтан цаг үеэсээ хоцорч, “хуучирч мууддаг”. Иймээс ч компанидаа “суралцах соёл”-ыг бий болгохыг хүсвэл удирдах ажилтан та өөрөөсөө эхэл.
  10. Өөрчлөлт, инноваци болон суралцах үйл явц салшгүй холбоотой байдаг. Суралцах соёл доорх зүйлсийг ихээхэн дэмждэг.  
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ асуудлыг илрүүлэх, тэрхүү асуудлыг түргэхэн шийдвэрлэх
  • Өрсөлдөгчөөсөө түрүүлж алхах, шинэлэг санаагаараа ялгарах боломжийг олгодог.
  • Үйлчилгээний чанарт анхаарал бүрэн төвлөрүүлэх
  • Бусдаас түрүүлж “намаг”-аас гарах, хурдацтай хөгжил

 

За тэгээд танайх “Суралцах соёл”-той байгууллага мөн үү?

Эх сурвалж: www.motivated-and-competent.com

967 2022-04-05
Нийтэлсэн: AnonymousUser