Байгууллагын соёл ба тогтвортой ажлын байр хоорондын хамаарал


site_DSQoXE5.jpg

Байгууллагын соёл гэж юу вэ?

Байгууллагын үнэт зүйлс, итгэл үнэмшил, харилцаа хандлага нь байгууллагын соёлын илэрхийлэл болж байдаг. Энэ нь байгууллага дахь хувь хүн бүрээс хамааралтай зүйл юм. Удирдлагын зүгээс ажилчид хэрхэн биеэ авч явах талаарх хэм хэмжээг тогтоож мөрдүүлэхээс байгууллагын соёл эхэлнэ. Соёл нь компанийн зорилго, удирдлагын хэв маяг, үнэт зүйлс, ёс зүй, ажлын орчин зэрэг олон янзын элементийг өөртөө багтаадаг.

Байгууллагын соёл нь шууд буюу санаатайгаар эсвэл өмнө нь гаргасан шийдвэрүүдийн нэгдлээс аяндаа бий болон тогтсон байдаг. Соёл нь ажилчдад юуг хэрхэн яаж хийх, биеэ хэрхэн авч явах зэрэг талаарх ойлголтыг тодорхой олгодог. Нөгөө талаас  удирдах төвшний хүмүүс болон ажилчдын үнэт зүйлс өөр хоорондоо нийцэж байх нөхцөлийг бүрдүүлдэг учраас үйл ажиллагааны гүйцэтгэлд эерэгээр нөлөөлдөг.

Соёл нь байгууллага бүрд харилцан адилгүй байдаг. Зарим компанид албан ёсны, уламжлалт, шатлан захирах соёлыг үнэт зүйлээ болгож байхад өөр бусад компани хүн бүрийн оролцоог чухалчилсан багийн соёлыг эрхэм болгодог. Өөр хоорондоо ялгаатай соёлын хэлбэрүүд нь байгууллагын ялгарах онцлогийн нэг болж байдаг.

Яагаад байгууллагын соёлыг анхааран авч үзэх нь чухал болох талаарх шалтгааныг дурдвал:

-       Соёлын орчин ажилчдын хоорондын харилцаа холбоог сайжруулж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй.

-       Ажиллах орчны таатай байдлыг хангаснаар ажилчдын тогтвортой ажиллах боломжийг бий болгодог.

-  Байгууллагын гадаад дотоод орчны илэрхийлэл болдог буюу өөр хоорондоо болон хэрэглэгч, хамтран ажиллагсдаа хэрхэн хандаж, харилцаж буй байдлаар тодорхойлогдож байдаг. Өөрөөр хэлбэл байгууллагын соёл нь бизнесийн бүхий л талуудад нөлөөлөгч хүчин зүйл юм. 

Хэрвээ байгууллагын үйл ажиллагааг байшин барихтай зүйрлэвэл түүний суурь нь “соёл” юм. Тиймээс шилдэг ажилчдаа хадгалан үлдэх эсэх нь байгууллагын соёлын орчноос ихээхэн хамаарна.

637 2022-05-30
Нийтэлсэн: AnonymousUser