ТУЛГАМДСАН ҮЕД ҮР ДҮНТЭЙ СЭТГЭХ 5 ГАЙХАЛТАЙ САНАА

Энтрепренер, компаний үүсгэн байгуулагчийн хувьд та тогтмол чангахан өрсөлдөгчийнхөө үйлдэлд хариу үзүүлэх эсвэл ашгаа бууруулалгүй захиалгаа хугацаанд нь амжуулах зэрэг төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай тулгардаг. Оновчтой шийдлүүд ганц нэг байх боловч та хамгийн сайн шийдэлд хүрэхийн тулд нухацтай бодох ёстой гэдгийг мэднэ. Харамсалтай нь хамгийн бүтээлч, туршлагатай хүмүүс хүртэл хүчээр “бүтээлч шийдэл”-г хайж олж чаддаггүй байна.
Тэгэхийн оронд брейнсторм хийх чөлөөтэй нөхцлийг бүрдүүлж чадвал боломжит шийдлийн санаануудыг олох боломжтой болно. Тэгэхийн тулд яах ёстой вэ?
1. Ганцаараа бодох цагийг хамт олонтойгоо ярилцах цагтай хослуул
Багийнхаа гишүүдийг брейнстормынхоо хөшүүрэг болгох бол маш зөв сонголт. Гэхдээ зөвхөн зарим тохиолдолд. Багаараа ярилцсанаар олон үзэл бодлууд, өнцгүүдийг нэг дор харах, алдаагаа тэр дор нь засч, бие биеийнхээ санаан дээр нэмэрлэх зэрэг маш олон давуу талуудыг бий болгодог. Гэхдээ хэтэрхий олон үр ашиггүй уулзалтууд таны цагийг л үрэх болно гэдгийг санаарай. Тиймээс хамт олонтойгоо өнгөрүүлэх цагаа, өөрөө ганцаараа бодох цагаасаа тусгаарлан, зохицуулах хэрэгтэй.
2. Уйд
Тулгамдсан асуудалд таарах төгс шийдэл олох гэж хичээх үедээ хүмүүс бусад бүх юмаа хаяад ганцхан тэр асуудалдаа төвлөрч эхэлдэг. Та тархиа гашилган ганцхан асуудлынхаа талаар аль чадахаараа бодож эхэлнэ. Харамсалтай нь энэ хичээл зүтгэл ашгаа бараг л өгдөггүй. Хэтрүүлэн бодох нь бүтээлч, шинэлэг сэтгэхүйг боогдуулж, бүтээмжтэй байдалд мөн муугаар нөлөөлдөг байна.
Оронд нь өөртөө амрах цаг өгсөн нь хамаагүй дээр шүү. Асуудлынхаа талаар хэсэг бодож, төвлөрөөд, тэгээд л болих хэрэгтэй. Гараад алх, шүршүүрт ор, эсвэл зүгээр л гадаа суугаад нарла. Оюун бодлоо амраагаад ав. Хүчлэн бодоогүй мөртлөө шүршүүрт гайхалтай санаанууд олддогт шалтгаан бий. Хэрвээ таны тархи хангалттай амарч чадвал, ямар нэг гайхалтай санаа олох нь гарцаагүй.
3. Сэтгэлгээний өөр түвшинд хүрэх
Илүү бүтээлч байж, брейнстормыг үр дүнтэй хийх хамгийн сайн аргуудын нэг бол сэтгэх хэв маягаа өөрчлөх билээ. Үүнд тогтмол бясалгал туслах болно. Бясалгал нь сэтгэхүйн өөр түвшинд аваачдаг шидтэй эд юм. Та өөр түвшинд очихгүй байсан ч бясалгал таныг амраан, тайвшруулах болно.
4. Өөрийгөө урлагаар хүрээлүүл
Жинхэнэ хайрцагнаас гарч сэтгэдэг суут уран бүтээлчид л урлагийн шилмэл бүтээлүүдийг бий болгодог. Хэрвээ та өөрийгөө урлагт уусгаж чадвал түүний шинэ соргог байдал танд гарцаагүй нөлөөлнө. Та асуудлаа огт өөр талаас нь харж, шинэ зүйлүүд олж нээж байгаагаа анзаарах болно.
Өөрийгөө урлагаар хүрээлүүлэх маш олон аргууд бий ба бүгд ямар нэгэн эерэг нөлөөг үзүүлдэг. Зарим хүмүүс хананаасаа абстракт зураг өлгөөд, хэцүү асуудалтай тулгарахаараа шийдэл хайн ширтэн суудаг, зарим нь өөрийн дуртай төрлийн хөгжмөө тоглуулан амтархан сонсдог. Та ямар ч урлагт дурласан бай, тодорхой хугацаанд шинэчлэн сольж, соргог байдлыг нь хадгалаарай.
5. Эргэн тойрон, хэмнэлээ өөрчил
Бид өдөр тутам нэг газартаа байж, ижил зүйлээ л хийж байдаг болохоор нэг л хэмээр сэтгэдэг болчихдог. Нэг хэвийн хэмнэлүүдээ эвдсэнээр та арай өөрөөр бодож сэтгэх, шинээр харах боломжтой болдог. Кофе шопод ажилла, гэр лүүгээ автобусанд сууж харь, өөр замаар яв. Арай өөр хэмнэлээр ажилла, ямар ч өөрчлөлт тусална.
Гоц санааг хүчилж бий болгох боломжгүй. Эргэлзэж байсан ч хамаагүй аль болох олон аргуудыг туршиж үзээрэй. Аль арга нь танд тохирч, аль нь тохирохгүйг хэлэхэд хэцүү болохоор бүх зүйлийг туршаад үзэхэд гэмгүй шүү дээ.