Ажилтан сонгон шалгаруулагчдын 90% нь “Энэ” л шалтгаанаар ажилд авдаггүй


3djri06d12fs4iekd9l3l1ka1o_b.jpg

Ажилд авах ярилцлагад өдий төдий орсон ч, одоог хэр нь ажилгүй л байна уу? ЖаззЭйчАар/JazzHR/ компанийнхан судалгаа хийж, ажлын ярилцлагад гаргадаг хамгийн том алдаануудыг цохон тэмдэглэжээ.

Судалгаанд 500 гаруй ажилтан сонгон шалгаруулагч экспертүүд хамрагдсан болно. Судалгааны дүнд:

Судалгаанд хамрагдагчдын 81% нь өмнөх удирдах ажилтныхаа талаар муу амтай байдаг хүнийг ажилд авдаггүй байна. Насанд хүрсэн хүн өмнөх боссоо муулна гэдэг байж боломгүй хэрэг. Та ч гэсэн тухайн үйл явдалд өөрийн дүрээ бүтээсэн шүү дээ. Хичнээн таны өмнөх удирдах ажилтны буруу байсан ч, хүний нөөцийн менежерүүд таныг “Илүү дээр” нэгэн байж, болсон явдлаас суралцсан байхыг хүсдэг. Сонгон шалгаруулагч удирдах ажилтнаа муулж байгаа шалтгаан нь магадгүй та ажлаа дутуу дулимаг хийдэг байснаас удирдах ажилтан тань зэмлэх, буруушаахад хүрчээ гэж хардаг.

10 сонгон шалгаруулагчийн 8 нь ариун цэврийн шаардлага илт хангаагүй хүнийг ажилд авдаггүй. Энэ нь таныг өөрөө өөртөө анхаарал хандуулж чадахгүй байж, юун ажилдаа анхаарал хандуулах манатай гэсэн ойлголтыг төрүүлнэ. Танд “энэ тийм ч чухал биш” гэж бодогдож байвал, анхны сэтгэгдэл аятайхан төрүүлчихдэг нэгэнд ажлын байрыг алдах нь тэр.

Сонгон шалгаруулагчдын 76% нь “хамраа сөхсөн” нэгнийг ажилд авдаггүй. Та өөрийн бардам зангаа дөвийлгөх бус, бусадтай найрсаг харилцаж, удирдах ажилтныхаа эрх мэдлийг хүндэлдэг байх нь тун чухал. Түүнээс гадна, суралцах хүсэл тэмүүлэл, алдаагаа хариуцах чадвар,  даруу занг эрхэмлэнэ.

“Хувцаслалт” сонгон шалгаруулагчдын 71%-д нь чухал хүлээлт. Марк Цүкерберг шиг юүдэнтэй цамцад дурлагч байх нь танд таалагдаж болох ч, ажил олгогчид лав таалагдахгүй ээ. Ихэнх ажил олгогч “өнгөлчихсөн” юм шиг хувцасласан хүний талаар таатай анхны сэтгэгдэлтэй үлддэг байна.

Сонгон шалгаруулагчдын 90% нь анкетаа худал бөглөсөн хүнийг ажилд авдаггүй. Ажил олгогч төслийн удирдлага, аюулгүй байдлаа танд даатгах гэж байхад, та шалихгүй зүйл дээр худал мэдээлэл өгвөл итгэлийг нь хөсөрдүүлнэ.

Сонгон шалгаруулагчдын 90% нь утсандаа хүрэх төдийд л тухайн ажил горилогчийг жагсаалтаас хасдаг. Анхаарлаа бүрэн төвлөрүүл. Утсаа унтраагаад, далд хий.

Одоо болтол сэлгүүцсээр л байна уу?

“Ажилтан сонгон шалгаруулахад Бэлтгэл ба Сахилга бат тун чухал байдаг. Ажилд орохыг, үнэ цэнг бүтээхийг чин сэтгэлээсээ хүсч байгаа ажилтан судалгаа хийж, ирээдүйн  цэцэглэн хөгжилтөд ямар хувь нэмэр оруулах, манай байгууллагад тохирох эсэхээ аль хэдийн тодорхойлчихсон байдаг. Иймдээ ч ажлын ярилцлагын үеэр өөртөө итгэлтэй, даруу төлөв, манай байгууллагын талаар мэдээлэлтэй байдаг.”  

ЖаззЭйчАарын Маркетингийн дэд ерөнхийлөгч  Алли Келли /Allie Kelly/

 

Ажлын ярилцлагад орохоор бэлдэж байгаа бол доорх 3 зөвлөгөөг өгъе.

Судлагаа хий. Тухайн Компанийн тухай, ажилтнууд нь юуг үнэ цэнтэйд тооцдог талаар үндсэн мэдээллүүдийг цуглуулсан байх хэрэгтэй. Ингэж байж л сонгон шалгаруулагчийн асуултад оновчтой хариулж, зохистой асуулт асуух боломжтой болно.

Бэлтгэл хий. Хийсэн судалгааны ашиглалтад анхаар. Өөртөө итгэлтэй байдлаа нэмэгдүүлэх, судалж мэдсэнээ өөриймшүүлэх бэлтгэл хий. Та найзтайгаа, эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ ярилцаж, хаана нь ямар алдаа гаргаж байгаагаа сайтар зөвлө.

Өөрийгөө таних. Өөрийн сул болон давуу тал юунд оршдогийг сайтар ойлго. Сонгон шалгаруулагчид дээрх хүчин зүйлс тун чухал байдаг. Өмнө нь юу хийж бүтээсэн, ирээдүйд ямар сорилтыг даван туулах чадвартайгаа тодорхойлчихвол та бусад ажил горилогчоос ялгарч чадна.

Эх сурвалж: www.inc.com

1118 2020-01-29
Нийтэлсэн: AnonymousUser