Ажлын бүтээмж нэмэгдүүлэх “Шинжлэх Ухаанлаг” 5 зөвлөгөө


5r9lt1olmvbb2apqavu1sdbrd6_b.jpg

Бизнесийн бүтээмж хүнээс шалтгаалдаг. Гэтэл харамсалтай нь хүн гэдэг амьтан тун амархан стрессдэж, самуурдаг байна.

Азаар энэ удаа “шинжлэх ухаан” танд ажилтны бүтээмжийг сайжруулах, цог золбоог нэмэгдүүлэхэд туслах нь ээ.

Интерьерийн анзаарагдамгүй гэлтэй өөрчлөлт, ажиллах үйл явцын дарааллын үл ялиг шилжилт, амралтын цагийн ая тухтай байдал зэрэг нь ажилтны бүтээмжид ихээхэн нөлөөлдөг байна. Харин “Бүтээмж тухайн ажилтны зан байдал, хандлагаас л шалтгаалдаг шүү дээ” гэж эндүүрч болохгүй. Ажилтан ажил үүргээ ахицтай гүйцэтгэх орчин нөхцлийг бүрдүүлэх нь удирдагч таны ҮҮРЭГ.

Байгалийн гэрэл оруулах

Оффисын орчинд нарны гэрэл оруулах. Өдрийн цагаар байгалийн гэрэлд ажиллах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг. Ялангуяа өдөржингөө оффисын ширээнээс салдаггүй  ажилтан флюресцент гэрэл ихээхэн эерэг нөлөөтэй байдаг.

Чикагогийн Нортвестерн Их сургуулийн судлаачдын хийсэн судалгааны дүнд, ямар ч цонхгүй, нарны гэрэл тусдаггүй орчинд ажилладаг ажилтнаас өдөржин нарны гэрэлд ажилладаг ажилтны бүтээмж 173 хувиар илүү байдаг. Тухайн судалгаагаар олж мэдсэн бас нэгэн сонирхолтой зүйл гэвэл, байгалийн гэрэлд ажилладаг ажилтан шөнө бүр 46 минут илүү бөх унтаж чаддаг байна. Гэтэл цонхгүй орчинд ажилладаг ажилтан шөнийн турш сэрвэлзэж, өдрийн турш анхаарал сарнилтын байдалтай байдаг. Үүний гол шалтгаан нь байгалийн гэрэл дутагдсанаас болж, бие организмынх нь хэвийн ажиллагаанд саатал учирсантай холбоотой.

Хэрэв танай оффист нарны гэрэл тусдаггүй, ойр хавьд тань цонх байдаггүй бол тухайн гэрлийг орлох зориулалтын чийдэнг байршуулж болно.

Оффиссын тохижолт хийхдээ зөв өнгө сонгох

Өчүүхэн юм шиг хэрнээ үр дүнтэй зөвлөгөө шүү. Дан цагаан, эсвэл цагааны төрлийн өнгөнөөс илүү өөр өөр өнгийн хольц нь ажилтны сэтгэл зүйд нөлөөлж, бүтээмжийг нэмэгдүүлдэг.

Тексас их сургуулийн судалгаагаар цагаан өнгийн хана ажилтны бүтээмж, ажлын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг болохыг  тогтоожээ. Судалгааг хийхдээ 3 өөр өнгийн/улаан, акуа, цагаан/ ханатай өрөөнд 3 бүлэг ажилтныг ажиллуулж үзжээ. Гэтэл цагаан өнгийн ханатай өрөөнд ажилласан ажилтнууд нөгөө хоёр өрөөнийхөнтэй харьцуулахад, хавьгүй илүү алдаа гаргаж байсан байна.

“Цагаан өнгө ажлын бүтээмжид ердөө ч нэмэр болдоггүй байтал ихэнх оффис цагаан эсвэл цагаан саарал байдаг. Харин оффисын орчинд хамгийн тохиромжтой, ажилтны бүтээмжийг нэмэгдүүлдэг өнгө бол цэнхэр-ногоон, цэнхэрийн уусалт юм.”
Судлаач Нэнси Кваллек

 

Бритиш Колумбиа их сургуулийн нэгэн судалгаагаар:

  • Улаан өнгө детальд чиглэсэн төслийн гүйцэтгэлийг эрс нэмэгдүүлдэг
  • Цэнхэр өнгө бүтээлч байдал, харилцааг сайжруулдаг
  • Ногоон өнгө бүтээлч сэтгэлгээ, инновацилаг байдлыг өдөөдөг байхад,
  • Шар өнгө айдас, сэтгэлийн түгшүүрийн шалтгаан болж,
  • Саарал өнгө энергийг сорж, сэтгэлийн  хямралд өртүүлдэг байна.

Кофений дугхийлт

“Юу гэнээ?” гэж бодож байна уу?

Нэг аяга кофе уусны дараа 15-20 минут дугхийчих. Энэ нь унтахын учир утгыг бууруулах юм шиг сонсогдож болно. Гэтэл шинжлэх ухаан “Кофений дугхийлт” таныг хичнээн ихээр сэргээдэг болохыг батлаад байна.

Кофе уусны дараа дугхийх нь хэд хэдэн эерэг нөлөө үзүүлдэг. Кафейн тархин дахь аденозины /хэт их аденозин ялгарснаар ядрах мэдрэмж төрдөг/ ялгарлыг сааруулдаг. Иймээс кофе уусны дараа 15-20 минут унтсанаар, хэсэгхэн хугацааны амралт авч чаддаг хэрнээ, гүн нойронд автдаггүй тул сэргэлэн сэрж чаддаг байна.

Английн Лабороү их сургуулийн Унтах судлалын лабораторийн судлаачид кафейн ба богино хугацааны унтлага дан дангаараа идэвхгүй байдалтай тэмцэх чадвар сул байдаг бол нийлэхээрээ нилээдгүй үр дүнтэй байдгийг тогтоожээ.

Хирошима их сургуулийн судалгаагаар, өдрийн цагаар нэг цаг унтах нь ажлын бүтээмжийг эрс нэмэгдүүлдэг болохыг баталжээ. Эдгээрээс харахад танай байгууллага унтлагын өрөөтэй болох хэрэгтэй байгаа биз.

Суудал солих

Суудал сольсноор хичнээн их сэргээш бий болно гээч. Ажилтнуудынхаа суудлыг сольсноор, бүтээлч байдал, бүтээмж эрс өсдөг.

Массашүсетс Институтын дэд профессор Кристиан Каталани

“Ажилтны хандлага амархан халдварладаг зүйл. Иймээс ч хэсэг бүлэг ажилтны темперамент ажиллах орчны уур амьсгалд нөлөөлөх нь элбэг. Хүмүүсийн сэтгэл хөдлөл яг л вирус шиг тархдаг.” Хэрэв та тухайн нэг ажилтныхаа стрессийг бууруулж, баяр баясгалантайгаар ажиллуулахыг хүсч байгаа бол эрч хүчтэй, баяр бялхсан багийн гишүүд дунд суулгах нь хамгийн шилдэг стратеги.

Уолл Стрит Журналын хамт олон хэд хэдэн компанид суудлын өөрчлөлт хийх туршилт явуулахад тун сонирхолтой үр дүн гарсан юм. Хабспотынхныг /Hubspot/ захиргааны ажилтнуудыг нэг дор, харин удирдлагад байгаа ажилтнуудыг өөр хэсэгт суулгахад, ажилтнуудын ажлаас халагдах айдас нь эрс буурчээ. Шинэ ажилтнуудыг зан чанараар нь ангилсан тусгай группуудтэй хамт суулгаснаар, оффисын уур амьсгал, ажиллах зан үйлд ихээхэн хөдөлгөөн илэрснийг Kayak.com-ийн үүсгэн байгуулагч Паул Инглишийн олж мэдсэн билээ.

Хамтын завсарлага

Ганц ганцаараа амарснаас хамт ажиллагсад цугтаа завсарласнаар, бүтээмж эрс нэмэгддэг байна. Массашүтес менежментийн хүрээлэнгийн судлаачдын хийсэн судалгааны дүнд, ажилтнууд цайны цагаа хамт өнгөрүүлснээр стресс буурч, бүтээмж нэмэгддэг болохыг тогтоожээ.

Тухайн судалгаанд хамрагдсан, Америкийн банкны  /Bank of America/ дуудлагын төвийн ажилтнууд 3 сарын турш цайны цагаараа хамт амрахад, бүтээмж 15-20% нэмэгдэж, ажил хаялт(40-өөс 12% хүртэл), стрессийн түвшин 19%-аар буурсан байна. Үүний гол шалтгаан нь хамтын завсарлага ажилтнуудад өөрийгөө илэрхийлэх, бие биедээ зөвлөгөө өгөх боломжийг олгодог тул бүтээмж өсч, ажилдаа илүү сэтгэл хангалуун болдог байна.

Дээрх шинжлэх ухаанаар батлагдсан зөвлөмжүүдийг удирдагч та ажлын  байрандаа хэрэгжүүлж, илүү эрч хүчтэй, сэтгэл хангалуун хамт олныг цагийн цагт бий болгоорой.

Эх сурвалж: www.businessnewsdaily.com

1950 2020-01-29
Нийтэлсэн: AnonymousUser