Өнөөдөр та ажил дээрээ юу сурсан бэ?

Судлаачдын дүгнэснээр, хүмүүс өдөр бүр ажиллангаа, бусадтай харилцангаа суралцдаг бөгөөд ажлын байран дахь сургалт хөгжлийн 70-80% нь албан бус сургалт байдаг байна. Ажлын байран дээр хэрхэн суралцдаг, албан бус сургалтын үр дүнг илүү нарийн судлахын тулд бид тунгаан бодох чадвар, бүтээлч сэтгэлгээ, болон асуулт асуух арга замууд дээр төвлөрлөө.
Асуулт асуух
Мэдэхийг хүсвэл, асуу. Ихэнх хүн мэдэхгүйгээ, мэдэх ёстойгоо хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй, эсвэл гэнэн тэнэг харагдчих вий гэсэн айдсаас шалтгаалан асуулт асуухаас эмээж мунхагладаг. Гэтэл асуухгүйгээр нөхцөл байдлыг ойлгож, аливаа зүйлийг таньж мэдэх боломжгүй. Хурал дээр төслийн талаар асуух зүйл хэд хэд байгаа хэрнээ, хэн ч асуухгүй бол хэрхэн гүйцэтгэх билээ.
Аливаа ажлыг хийхэд зориг тэмүүллээс илүү асуух чадвар чухал байдаг. Судлах, асууж лавлах сэтгэлгээтэй хүмүүс илүү нээлттэй, өргөн мэдлэгтэй байдаг тул нээн илрүүлэх, суралцах, асуудлыг шийдэх, бүтээх чадвартай байдаг.
Нэгэн байгууллагын удирдлага багийн асуудал шийдвэрлэх уулзалт дээр “Ухаалаг тэнэг”-ийг байнга байлцуулдаг. “Ухаалаг тэнэг” гэдэг нь нөхцөл байдлын талаар ямар ч ойлголтгүй хэрнээ, ухаалаг, мэдлэг чадвартай, бусдын асуухаас эмээж байгаа зүйлийг эргэлзэлгүй асуучихдаг хүнийг хэлнэ.
Жилдээ хэдэн арван сая доллар зарцуулдаг тээвэрлэлтийн зардлыг бууруулах асуудлыг нэгэн хурал дээр хэлэлцэж байлаа. Хурлын ихэнх оролцогч Ложистик, санхүүгийн хэлтсийнхэн байлаа. Гэтэл захирал хаа хамааралгүй хэлтсийн нөхөр лүү зааж, “Ухаалаг тэнэг” тодрох нь тэр, “Чи юу гэж бодож байна вэ?” гэж асуутал,
Тэрээр “Бид бараа нийлүүлэгчээс хамгийн тохиромжтой саналыг хүлээн авсан гэдгээ хэрхэн мэдэх билээ?” гэж асуулаа.
Асуултад ложистикийн хэлтсийн захирал “Бид хэд хэдэн бараа нийлүүлэгчийн саналыг харьцуулж байгаад хамгийн хямд үнийн саналыг сонгосон.” гэж хариултал,
“Ухаалаг тэнэг”: “Бид тухайн бараа нийлүүлэгчээс нэмж хөнгөлөлт авах боломжтой эсэхийг асуусан бил үү?
Хурлын дараа багийн гишүүдийн нэг нь бараа нийлүүлэгчтэй харилцаж, нэмэлт хөнгөлөлтийн талаар асуутал, бараа нийлүүлэгч тэр дороо зөвшөөрч, хэд хэдэн сая доллар хэмнэж чадсан юм. Хэрэв “Ухаалаг тэнэг” гэнэн цагаан асуултыг тавиагүй бол ийм үр дүнд хүрч чадах байсан болов уу?
Тунгаан бодох чадвар болон бүтээлч сэтгэлгээг ашиглах
Тунгаан бодох чадвар гэдэг нь нэг болон хэсэг бүлэг хүмүүс таамаглал, ташаа зөрүү, баригдмал ойлголтуудыг задалж, ойлгомжтой тодорхой болгоход анхаарахыг хэлнэ. Энэхүү чадвар амьдралын явцад хуримтлуулсан туршлагын дүнд бий болохоос гадна, мэргэжлийн түвшинд бэлдэх, давтахад ч мөн эзэмших боломжтой. Хүн бүр тус тусын итгэл үнэмшилтэй байдаг тул нэгэн ижил асуудлыг өөрийн давамгай байдлаас харж, үүний улмаас үл ойлголцол үүсдэг.
Жишээ нь:
“Шинэ бүтээгдэхүүн зах зээлд гарахад бэлэн боллоо” гэсэн ойлголт хэнд ямар сэтгэгдэл төрүүлэхийг авч үзье.
Инженерийн хүлээлт: Тухайн бүтээгдэхүүн эцсийн шатны шалгалтыг давж, бүтээгдэхүүний дизайн аль хэдийн бэлэн болжээ.
Үйлдвэрлэгчийн хүлээлт: Үйлдвэрлэлийн үйл явцын зураглал томъёологдсон, шаардлагатай тоног төхөөрөмж бүрэн угсрагдсан, түүхий эдээ нөөцөлж бэлдсэн байвал бүтээгдэхүүнийг зах зээлд гарахад бэлэн болсон хэмээн ойлгоно.
Маркетингийн ажилтны хүлээлт: Бүтээгдэхүүний загвар аль хэдийн бэлэн болчихсон, маркетингийн материалууд бэлтгэгдчихсэн, кампанит ажиллагаа нь эхэлчихсэн.
Борлуулалтын ажилтны хүлээлт: Бүтээгдэхүүн агуулахад өрөөстэй, хүргэлтэд бэлэн.
Эдгээр хүлээлтийг алийг нь ч зөв эсхүл буруу гэхийн аргагүй. Гэхдээ асуудлын гол нь зөрүүтэй ойлголтууд үл ойлголцлыг үүсгэдэг.
Хэрэв борлуулалтын ажилтан бүтээгдэхүүнийг тээвэрлэлтэд бэлэн болоогүй байхад зарчихвал, хэрэглэгчид өгсөн амлалтдаа хүрч чадахгүй зэмлэл хүлээх болно.
Одоогийн бүтээгдэхүүндээ сайжруулалт, шинэчлэл хийх гэж байгааг борлуулалтын ажилтан зарлах гэж яарахгүй. Учир нь хүмүүс шинэ загварыг нь худалдан авах гэж хүлээгээд, одоо байгааг нь авахаа больчихно.
Учир иймээс л бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийнхан нэг “үгээр” ярьж, нэг “бодлоор” ойлгох хэрэгтэй болдог. Таамаглал, тодорхойлолт, тогтмол ойлголтыг багийн гишүүн бүр хэлэлцэн ойлголцож, ижил үр дүнд хүрэх хэрэгтэй. Энэ л тунгаан бодох чадварын үндэс болно.
Бүтээлч сэтгэлгээ ирээдүйн боломжуудыг нээн илрүүлэхийн тулд хүмүүс баригдмал сэтгэлгээнээс гарах хэрэгтэй болдог. Одоо байгаа дүрэм журмуудаас гадагш сэтгэж, шинэ шинэ зохицол, биелэгдэшгүй мэт санааг нээн илрүүлэх нь чухал. Сүүлийн арван хэдэн жил бүтээлч бүтээгдэхүүний манлай жишээ бол яалт ч үгүй Apple компанийн i-phone, i-pod, i-pad зэрэг байлаа. Хэрэв өнгөрсөн үе, улирсан технологитойгоо зууралдсаар байсан бол тэдгээр бүтээгдэхүүн бидний гарт ирэхгүй болов уу.
Бүтээлч сэтгэлгээ бол шинэ зүйлийг турших, бүтэлгүйтэх түүнээсээ суралцах зориг зүрх юм. Томас Эдисон гэрлийн чийдэнг зохион бүтээхдээ утасных нь материалыг олох гэж 10 000 материал туршиж үзсэний дүнд, сая нэг волфрамыг олсон. Тэгэхээр тэр шийдлийг олохоос өмнө 10 000 удаа бүтэлгүйтсэн байгаа биз? Гэсэн ч тэр гэрлийн чийдэнг хийж болохгүй 10 000 материалыг олж илрүүлсэн бөгөөд хийж болох 1 материалыг нээсэн хүн дээ.
ТАНЫ АЖИЛ ТАНЫ СУРАЛЦАХ БОЛОМЖ
Аль ч түвшний ажилтан өдөр бүр ажлын байран дээрээ суралцах боломжтой байдаг ч, ихэнх тохиолдолд тэрхүү боломжийг шүүрч авдаггүй. Нүдээ нээж, чихээ сортойлгож, өөрийгөө суралцах горим дээрээ тохируул. Ингэснээр гүйцэтгэл өсч, карьер зам тань шулуужна.
Өнөөдөр та ажил дээрээ юу сурсан бэ?
Эх сурвалж: www.amanet.org